Их Британид Johnson & Johnson компанийг асбест хольцтой хүүхдийн нунтаг (baby powder)-ийг хорт хавдар үүсгэх аюултайг мэдсээр байж худалдаалсан гэж буруутгаж хуулийн нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлд 3000 гаруй хүн оролцож байгаа бөгөөд BBC–ийн шинжлэх ухааны тайлангууд дээр үндэслэжээ. Шүүхэд өгсөн баримтад дурдсанаар 1960-аад оноос эхлэн үйлдвэрлэсэн хүүхдийн нунтагт тремолит, актинолит зэрэг эрдсүүд агуулагдаж байв. Эдгээр эрдсүүд нь хорт хавдар үүсгэх аюултай асбестын төрөл юм. J&J компани эдгээр эрдсүүд хорт хавдар үүсгэх аюултай гэж мэдэж байсан ч савлагаандаа анхааруулга бичээгүй, ямар ч аюулгүй бүтээгдэхүүн мэтээр сурталчилсан байна. J&J компани үүнийг няцааж, “манай хүүхдийн нунтаг нь стандартыг баримталж үйлдвэрлэгддэг, хорт хавдар үүсгэдэггүй” гэж мэдэгджээ.
Нэхэмжилсэн хохирлын хэмжээ хэдэн зуун сая фунт стерлинг хүрч магадгүй байна. Шүүхэд өгсөн нэхэмжлэлд J&J эрсдэлийг нууж, ашгаа нэмэгдүүлэхийн тулд олон арван жил хуурамч сурталчилгаа хийсэн гэж үзэж байна.
1970–1980-аад онд бүтээгдэхүүнийг нярай хүүхдэд зориулагдсан “аюулгүй бүтээгдэхүүн” гэж сурталчилж байсан бол 1990–2000 онд Африк гаралтай америк эмэгтэйчүүдийг чиглэсэн маркетинг хийжээ.
Олон нэхэмжлэгчид өндгөвчний хорт хавдар, мезотелиома (асбестийн хавдар) зэргээр хохирсон байна. 63 настай Сиобхан Райан “Ээж минь үүнийг хэрэглэж байсан, би ч хэрэглэж байсан. Сайхан үнэртэй, зөөлөн байдаг байсан. Хүүхдүүддээ хэрэглүүлэхэд хамгийн аюулгүй гэж боддог байв. Эмч намайг өндгөвчний хорт хавдрын 4-р үе шатанд байна гэж хэлэхэд би сонссондоо ч итгээгүй. Тэд бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх аюултай гэдгийг мэдсээр байж худалдаалсан нь уучилшгүй хэрэг” гэж BBC-д ярилцлага өгсөн юм. Тэрээр хорт хавдар нь J&J-ийн хүүхдийн нунтаг хэрэглэснээс болсон гэж үзэж байна.
Б.ЭНХЗАЯА
|
Эх сурвалж
| BBC
|
АДМИН








Гадаад









