Шинэ жилийн үдэш Швейцарын цанын бааз болох Кранс-Монтанад гарсан галын улмаас амиа алдсан 40 хүний цогцсыг цагдаа нар бүрэн таньж тогтоожээ.
Хохирогчдын нас 14-39 насны хооронд байгаа бөгөөд тэдний 15 нь 18-аас доош насныхан байна. Хамгийн залуу нь 14 настай Швейцар охин болон Франц хүү байжээ. Нас барсан 40 хүнээс гадна 119 хүн гэмтэж бэртсэн бөгөөд ихэнх нь хүнд түлэгдэлт авсан байна.
“Le Constellation” уушийн газрын эзэмшигч Франц хосын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгалт явуулж байгаа юм. “Тэднийг хайхрамжгүй байдлаас болж бусдын бие махбодод гэмтэл учруулсан, галдан шатаасан болон хүн амины хэрэгт сэжиглэж байгаа” гэж Валле мужийн прокурорын газраас мэдэгдэв.
Урьдчилсан шалгалтын дүгнэлтээр, лонхон дээр байрлуулсан бэнгалын гал (sparklers)-ыг таазанд хэт ойр барьсан нь гал гарах шалтгаан болсон гэж тогтоожээ. “Мөрдөн байцаагчид тухайн газрын таазанд суурилуулсан дуу тусгаарлагч хөөсөн материал нь асуудлын гол шалтгаан байсан эсэх, мөн аюулгүй байдлын дүрэм, журмыг хангаж байсан эсэхийг шалгаж байгаа”гэж Валле мужийн ерөнхий прокурор Беатрис Пиллу мэдэгдлээ.

Цагдаа нар таньж тогтоосон хохирогчдын талаар, тэдний ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс цаашид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







