АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг эзэмших талаар хэлэлцэж байгааг Цагаан ордон мэдэгдлээ. Цагаан ордноос “НАТО-гийн гишүүн Дани улсын хагас бие даасан бүс нутаг болох Гренландыг эзэмших нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын нэн тэргүүний зорилт” гэсэн тайлбар өгсөн юм. АНУ-ын ерөнхийлөгч болон түүний баг “Энэхүү гадаад бодлогынхоо зорилгод хүрэх олон хувилбарыг хэлэлцэж байна. Ерөнхий командлагчийн мэдэлд АНУ-ын зэвсэгт хүчнийг ашиглах сонголт үргэлж байдаг” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио конгрессын хаалттай хурлын үеэр “Трампын засаг захиргаа Гренландруу довтлох төлөвлөгөөгүй, харин Дани улсаас худалдаж авах сонирхолтой байгаа” гэж мэдэгдсэн юм.
Их Британи, Франц, Герман, Итали, Польш, Испани болон Данийн удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ “Гренланд бол түүний ард түмнийх бөгөөд Данийн болон Гренландын талууд л харилцааныхаа талаар шийдвэр гаргах эрхтэй” гэв. Тэд АНУ-тай адил Арктикийн арлын аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаагаа онцлоод, үүнийг НАТО-гийн холбоотнууд, түүний дотор АНУ хамтран хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн НҮБ-ын дүрмийн зарчмууд болох “Бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал”-ыг сахин хамгаалахыг уриалжээ.
Трамп анх 2019 онд, анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа, Гренландыг Арктик дахь стратегийн төв болгох санаагаа дэвшүүлж “Үндсэндээ энэ бол томоохон үл хөдлөх хөрөнгийн наймаа”гэж хэлж байсан. Гэвч Дани улс Трампын Арктикийн арлыг авах гэсэн санаархлыг эсэргүүцсээр ирсэн юм. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “АНУ довтолбол НАТО задрахад хүрнэ” гэж анхааруулжээ.
57,000 хүн амтай Гренланд 1979 оноос хойш өргөн хүрээтэй өөртөө засах эрхтэй ч батлан хамгаалах, гадаад бодлого нь Данийн мэдэлд байдаг. Ихэнх гренландчууд ирээдүйд Даниас тусгаар тогтнохыг дэмждэг ч санал асуулгаар АНУ-ын нэг хэсэг болохыг эрс эсэргүүцдэг нь тогтоогджээ. Мөн Гренландын ерөнхий сайд “Мадуротой адил зүйл тохиолдож АНУ манай улс руу довтлох вий” гэж айж байгаагаа илэрхийлсэн байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад





