2024 оны нэгдүгээр сард хотын баруун өмнөд хэсэгт орших Тел аль-Хава хороололд байрлах Лулва Абдель Вахаб аль-Катами сургуулийн байр бөмбөгдөлтөд өртөж байсан юм. Тэд өнөөдрөөс эхлэн майханд хичээллэх болжээ. Энэхүү түр сургууль нь ЮНИСЕФ-ийн удирдлага дор ажилладаг ба анхны Лулва сургуулийн сурагчид болон дайнаас болж нүүлгэн шилжүүлэгдсэн бусад хүүхдүүдийг хамруулж байна. Одоогоор сургуульд нийт 24 багш, 1100 гаруй охид хөвгүүд суралцаж байгаа бөгөөд өдөрт гурван ээлжээр хичээллэдэг.
Сургуулийн захирал, доктор Мохаммед Саид Шхайбер “Дайнаас өмнө манай сурагчид шинжлэх ухааны лаборатори, компьютер, интернэт, сургалтын нөөцтэй орчинд сурдаг байсан. Одоо энэ бүхэн байхгүй. Энд цахилгаан ч алга. Интернэт ч байхгүй. Мөн олон хүүхэд сэтгэл зүйн хүнд байдалд байна”.
Сургуулийн багш Холуд Хабиб “Боловсрол бол бидний суурь, Палестинчууд бидний хувьд боловсрол хамгийн том хөрөнгө юм. Бид байшингаа алдаж болно. Мөнгөө алдаж болно. Гэхдээ мэдлэг бол бид хүүхдүүддээ өгч чадах цорын ганц, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө” юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, дайны үеэр Газын бүсийн сургуулиудын 97 гаруй хувь нь эвдэрч сүйдсэн байна. Газын зурваст амьдарч буй 658,000 сургуулийн насны хүүхдийн ихэнх нь хоёр жилийн турш албан ёсны боловсрол эзэмшээгүй. Энэ хугацаанд олон хүүхэд өлсгөлөн, нүүлгэн шилжүүлэлт, үхэл амьдралыг нь хэрхэн өөрчилдгийг биеэрээ мэдэрчээ.
ЮНИСЕФ-ийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Крикс “Цаас, дэвтэр, үзэг, баллуур, шугам зэргийг Газын зурваст оруулахыг бид удаан хугацаанд хүссэн ч зөвшөөрөөгүй”.
Израил гал зогсоох хэлэлцээрийн дагуу үүргээ биелүүлж, тусламжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн. Гэвч НҮБ болон олон улсын тусламжийн байгууллагууд үүнийг няцааж, зайлшгүй хэрэгцээтэй бараа материалын нийлүүлэлтийг үргэлжлүүлэн хязгаарлаж байна гэж буруутгажээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад




