Dark Light
Гадаад | 2026-01-19

ХЯТАДЫН ХҮН АМЫН ТОО БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2025 онд Хятадын хүн ам дараалан дөрөв дэх жилдээ буурч, төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. Төр засгаас төрөлтийг дэмжих олон арга хэмжээ авсан ч үр дүн багатай байжээ.

Хятадын Засгийн газрын нийтэлсэн мэдээллээр, 2025 оны эцэст хүн ам 3.39 саяар буурч, нийт 1.4 тэрбумд хүрсэн байна. Төрөлтийн түвшин нь 1,000 хүн тутам 5.63 болж, 1949 онд Коммунист нам засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Харин нас баралтын түвшин 1,000 хүнд 8.04 болж өссөн нь 1968 оноос хойших хамгийн өндөр түвшин юм.

Хүн амын хөгшрөлт, эдийн засгийн удаашралтай тулгарсан Бээжин залуусыг гэр бүл зохиож, хүүхэдтэй болоход уриалахын тулд идэвхтэй арга хэмжээ авч байна.

2016 онд Хятад улс нэг хүүхдийн бодлогоо цуцалж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн юм. Гэвч энэ нь төрөлтийн тогтвортой өсөлт авчраагүй тул 2021 онд нэг гэр бүлд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрчээ.

Сүүлийн үед Хятад улс гурван нас хүрээгүй хүүхэд бүрд 3,600 юань (500 ам.доллар) олгож эхэлжээ. Гэвч зарим бодлого нь маргаан дагуулж байна. Жишээлбэл, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл (бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалах эм) дээр ногдуулсан 13%-ийн татвар нь хүсээгүй жирэмслэлт болон ХДХВ-ийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй гэж шүүмжлэгдэж байна.

Хятад улс дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй орнуудын нэг бөгөөд нэг эмэгтэйд дунджаар нэг хүүхэд ногдож байгаа нь хүн амаа хэвийн хадгалахад шаардлагатай 2.1 түвшнээс доогуур байна.

2024 онд Бээжинд төвтэй “YuWa” Хүн Ам Судлалын Хүрээлэнгийн гаргасан тайланд дурдсанаар Хятад нь хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай орнуудын нэгт тооцогджээ.

НҮБ-ын мэргэжилтнүүд Хятадын хүн ам цаашид ч буурсаар байх төлөвтэй гэж үзэж байгаа бөгөөд 2100 он гэхэд одоогийн хүн амынхаа талаас илүүг алдана гэж тооцоолж байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07