Dark Light
Гадаад | 2026-01-21

ТРАМП ДЭЛХИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Дональд Трамп “Make America Great Again” уриатайгаар дахин сонгуулийн кампанит ажлаа явуулж, анхны бүрэн эрхийн хугацаандаа үлдээсэн бодлогуудаа үргэлжлүүлэн, АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр нэг жилийн өмнө Цагаан ордонд эргэн ирсэн юм. Сүүлийн 365 хоногт Трампын засаг захиргаа эдийн засаг, гадаад харилцаа, нийгмийн бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж, АНУ төдийгүй дэлхийн дүр төрхийг өөрчиллөө.

228 гүйцэтгэх захирамж

2025 оны 1-р сарын 20-нд албан тушаалдаа эргэн орсон эхний өдрөө Трамп 26 гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурж, нэг өдөрт хамгийн олон захирамж гаргасан дээд амжилтыг тогтоосон. Гүйцэтгэх захирамж гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгчөөс гаргадаг удирдамж бөгөөд холбооны засгийн газрын удирдлагатай холбоотой байх ёстой, холбооны хуулийг давж гарах ёсгүй. Гэвч шүүмжлэгчид “Трамп эдгээр хязгаарыг давсан олон захирамж гаргасан нь шүүхийн маргаан үүсгэдэг” гэжээ.

605,000 хүнийг албадан гаргав

Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) мэдээлснээр Трампын засаг захиргаа ойролцоогоор 605,000 хүнийг албадан гаргасан бол нэмэлтээр 1.9 сая хүн “сайн дураараа эх нутагтаа буцсан” байна. Сүүлийн нэг жилд АНУ-д амьдарч байсан 1.6 сая орчим хүн хууль ёсны цагаачийн эрхээ цуцлуулсан юм. Үүнд түр оршин суух эрхээ цуцлуулсан хүмүүс, оюутны болон өндөр ур чадвартай мэргэжилтний визийн хөтөлбөрүүдэд хамрагдагсад багтжээ. Мөн Трампын захирамжаар Цагаачлал, гаалийн алба (ICE) ойролцоогоор 66,886 иргэнийг саатуулсан бөгөөд өдөрт дунджаар 821 хүнийг баривчилсан байна. Лхагва гарагт Трамп 75 улсын иргэдэл цагаачлалын виз олгохыг хориглосон шийдвэр гаргасан.

Бүгдэд нь татвар

2025 онд Трампын хамгийн их хэрэглэсэн үгсийн нэг нь “татвар” байв. Тэрбээр холбоотон, хөрш, өрсөлдөгч гэлтгүй бүх улсад татвар ногдуулж, дэлхийн худалдааг донсолгож, олон улсын харилцаанд хурцадмал байдал үүсгэлээ. Дунджаар АНУ-ын бүх худалдааны түнш 10 хувийн татварын цохилт авсан бол Энэтхэгт 50 хувийн татвар ногдуулжээ. Сангийн яамны мэдээллээр 2025 онд АНУ-ын ногдуулсан татвар, хураамжаар 287 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн. Харин Йелийн их сургуулийн Budget Lab-ийн тооцоогоор татварын улмаас АНУ-ын нэг өрх жилд дунджаар 1,500 ам.долларын нэмэлт зардал гаргах болсон байна.

Холбооны ажлын байруудыг “хөрөөгөөр тайрсан нь”

Илон Маскийн удирдлаган дор “Засгийн газрын үр ашгийн яам (DOGE)”-ыг Трампын гүйцэтгэх захирамжаар байгуулсан. Энэ байгууллага нь холбооны засгийн газрын зардлыг танах зорилготой. Холбооны засаг нь АНУ-ын хамгийн том ажил олгогч юм. Ердөө 10 сарын дотор DOGE ойролцоогоор 317,000 холбооны ажлын байрыг цомхотгож, олон талт байдал, тэгш байдал, оролцооны (DEI) зэрэг бүх албыг хааж, Боловсролын яамыг эрс багасган, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас санхүүждэг төслүүдийг зогсоон, татан буулгасан байна.

Олон улсын дипломат харилцаа

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд 13 улсад айлчилсан бөгөөд олон тохиолдолд дипломат харилцааг бизнесийн хэлцлүүдтэй хослуулжээ.

Долоон улсыг бөмбөгдсөн

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэхдээ дэлхийн мөргөлдөөнүүдийг зогсоож, энх тайвныг сэргээнэ гэж амласан. Гэвч түүний засаг захиргаа 7 улсад цэргийн цохилт өгсөн байна. Хамгийн сүүлд Венесуэлийн ерөнхийлөгч асан Мадурог цэргийн цохилт өгч баривчилсан юм.

Зэвсэгт мөргөлдөөний байршил, үйл явдлын мэдээллийн сангийн (ACLED) тооцоогоор 2025 оны 1-р сарын 20-ноос 2026 оны 1-р сарын 5-ны хооронд АНУ болон түүний холбоотнууд 658 удаагийн агаарын, нисгэгчгүй онгоцоор довтолгоо хийжээ.

Уур амьсгал ба байгаль орчин

“Өрөмд, улам их өрөмд” уриатайгаар Трамп далайн 2.5 сая гаруй квадрат километр талбайг далайн ёроолын өрөмдлөгт зориулж нээж, холбооны байгаль орчны хамгаалах ажлыг зогсонги байдалд орууллаа. Тэрээр Жо Байдены үеийн уур амьсгалын 30 бодлогыг гүйцэтгэх захирамжаар хүчингүй болгосон байна.


Эх сурвалж | AL Jazeera
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07