Хятад улс цахилгаан автомашинд ашигладаг хаалганы далд бариулыг хориглосон анхны улс боллоо. Энэхүү загварыг Илон Маскийн “Tesla” компани анх нэвтрүүлж байсан юм.
Сүүлийн үед цахилгаан автомашинууд дэлхийн аюулгүй байдлын хяналтын байгууллагуудын анхаарлын төвд ороод байна.
Шинэ журамд зааснаар автомашин нь хаалгаа дотроосоо болон гаднаасаа механик аргаар онгойлгох боломжтой байх шаардлагатай болжээ.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны заалтаар тээврийн хэрэгслийн зорчигчийн бүх хаалганы (ачааны хаалгыг эс тооцвол) гадна талд дор хаяж 6 см × 2 см × 2.5 см хэмжээтэй хонхор зай байх ёстой. Мөн автомашины дотор талд хаалгыг хэрхэн онгойлгохыг заасан, хамгийн багадаа 1 см × 0.7 см хэмжээтэй тэмдэглэгээ байрлуулсан байх шаардлагатай.
Tesla компанийн хаалганы бариулыг АНУ-ын аюулгүй байдлын зохицуулагчид шалгаж эхэлсэн бөгөөд Европын орнууд ч мөн адил өөрсдийн дүрэм журам боловсруулах талаар хэлэлцэж байна.
Өнгөрсөн 11-р сард АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар (NHTSA) Tesla машины хаалганы бариул гэнэт ажиллахаа больж, хүүхдүүд автомашинд түгжигдсэн гэх мэдээллийн дагуу шалгалт эхлүүлсэн. NHTSA-ийн мэдээлснээр 2021 оны Tesla Model Y автомашины хаалганы бариултай холбоотой есөн гомдол хүлээн авсан байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







