АНУ-ын засгийн газар Nike компанийг цагаан арьст ажилчдыг ялгаварлан гадуурхсан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ.
Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийг хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломжийн комисс (EEOC) компанийн 2018 оноос хойших баримт бичгүүдийг гаргуулан авах шаардлага тавьсан байна. Үүнд арьс өнгө, үндэс угсааны талаарх мэдээллийг хэрхэн ашигласан, мөн ийм мэдээлэл нь компанийн удирдах албан тушаалтнуудын цалин, урамшуулалд нөлөөлсөн эсэх асуудал багтжээ.
Nike компанийн мэдэгдэлд “Манай хөтөлбөр, үйл ажиллагаа хууль, эрх зүйн шаардлагад нийцдэг. Эдгээр асуудлыг бид нухацтай авч үзэж байгаа бөгөөд EEOC-той хамтран ажиллаж, гаргасан хүсэлтэд нь хариу өгөх болно” гэжээ.
Шүүхэд гаргасан баримт бичгүүдээс харахад, Nike компани цагаан арьст ажилчид, ажил горилогчид болон сургалтын хөтөлбөрт хамрагдагсдын эсрэг ялгавартай хандсан тогтолцоот буюу давтагдсан практик явуулсан эсэхийг шалгаж байгаа юм.
Мөн EEOC шүүхэд мэдүүлэхдээ, Nike компани ажилд авах, сургалт явуулах, албан тушаал дэвшүүлэх үйл ажиллагаа, түүнчлэн арьс өнгө, үндэс угсааны цөөнхийн ажилд авах зорилготой холбоотой мэдээлэл гаргуулах хүсэлтүүдэд бүрэн хариу өгөөгүй гэж дурджээ. Эдгээр хүсэлт нь 13 сарын өмнөөс эхэлсэн бөгөөд өмнө нь албан ёсны дуудлагын хуудас хүртэл гаргасан байна.
Шүүхийн баримт бичигт, “Nike компанийн шаардлагыг биелүүлээгүй байдал нь хууль бус хөдөлмөр эрхлэлтийн практик байж болзошгүй гэх EEOC-ийн мөрдөн шалгалтыг удаашруулж, саатуулсан” гэж тэмдэглэжээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад








