Газын хойд хэсэгт байрлах хуаранд өгсөн цохилтоор зургаан хүн, өмнөд хэсэгт болсон өөр нэгэн цохилтоор таван хүн амиа алдсан байна. Харин Израилын Батлан хамгаалах хүчин мэдэгдэхдээ, гал зогсоох дэглэмийг зөрчсөн Хамас бүлэглэлийн байнд цохилт өгсөн бөгөөд босогчид Израилын цэргийн хяналттай бүс рүү хонгилоос нэвтрэхийг оролдсоны дараа амь үрэгдсэн гэжээ.
Талууд 10-р сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийг харилцан зөрчсөн хэмээн бие биеэ буруутгасаар байна. Газын Иргэний хамгаалалтын газар 11 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн бол Аль-Шифа эмнэлгийн ажилтнууд агаарын цохилтоос гадна буудалцааны үеэр 12 дахь хүн нас барсан талаар мэдээлжээ. Мөн Хамасын удирддаг Газын Эрүүл мэндийн яам гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш ойролцоогоор 600 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр Газад болсон Израилын агаарын цохилтоор 32 хүн амиа алдсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байв.
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газын хилийн бүсийг аюулгүй болгох, Хамасыг зэвсэггүйжүүлэх үйл явцыг хянах үүрэгтэй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандаттай “Энхтайвны Зөвлөл” нэртэй шинэ байгууллага байгуулснаа зарласан. Тус зөвлөл хоёрдугаар сарын 19-нд Вашингтон хотноо анхны хурлаа хийж, Газад технократ Палестины засгийн газар байгуулах болон дайны дараах сэргээн босголтыг зохицуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Трамп мөн удирдах зөвлөлийн гишүүд Палестины нутаг дэвсгэрийг сэргээн босгоход 5 тэрбум ам.доллар амласан гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөлийн гишүүн Индонез улс гал зогсоох хэлэлцээрийн хоёрдугаар шатыг дэмжих зорилгоор Газын зурвас руу 8000 цэрэг илгээнэ гэж зарласан.
2023 оны 10-р сарын 7-нд Хамас Израилын өмнөд хэсэгт халдлага үйлдсэний улмаас 1200 орчим хүн амиа алдаж, 251 хүн барьцаалагдсан нь дайныг эхлүүлсэн. Үүний хариуд Израил Газад цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 71,820 гаруй хүн амиа алдсан байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад









