Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Засгийн газрын тэргүүн Фридрих Мерц Бээжинд анхны айлчлалаа хийж, худалдааны тэнцвэргүй байдал болон геополитикийн хурц асуудлуудын дунд Хятадтай хэлэлцээ эхлүүллээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс Германы хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ч худалдааны зөрүү огцом өсжээ. 2025 онд Хятадаас Германд 170.6 тэрбум еврогийн бараа импортолсон нь өмнөх оноос 8.8%-иар өссөн бол Германы Хятад руу хийсэн экспорт 9.7%-иар буурч, 81.3 тэрбум евро болсон байна.
Европ даяар нэмэгдэж буй худалдааны алдагдлыг зарим шинжээчид “Хятадын цочрол”-ын шинэ үе шат хэмээн нэрлэж байна. Цар тахал, Оросын Украинд хийсэн дайны улмаас Европын үйлдвэрлэлийн зардал өссөн бол Хятад үйлдвэрлэлдээ хэт их хөрөнгө оруулснаар илүүдэл хүчин чадал бий болгож, хямд бараагаар зах зээлийг дүүргэх болсон гэж судлаачид дүгнэж байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татварын бодлого дэлхийн худалдаанд тогтворгүй байдал үүсгэж, Европыг хоёр том гүрний дунд шахагдах эрсдэлтэй болгожээ.
Ялангуяа цахилгаан автомашины зах зээлд Хятадын ноёрхол нэмэгдэж буй энэ үед Германы автомашины салбар ажлын байраа цомхотгож, өрсөлдөх чадварын сорилттой тулгараад байна. Иймээс Германы бизнесийн холбоод Мерцийг энэ айлчлалын үеэр ховор металлын экспортын хяналт, зах зээлийн “гажуудал”-ын асуудлыг тодорхой хөндөхийг шаардсан байна.
Мерц “Германы “эрсдэл бууруулах” бодлого үргэлжилнэ гэдгийг онцлоод, Хятадаас өөрсдийгөө бүрэн тусгаарлаж болохгүй” гэж мэдэгджээ. Түүний энэ айлчлал Герман Хятадын харилцааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болох төлөвтэй байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад









