АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ Венесуэлээс 80 сая гаруй баррель газрын тос хүлээн авсан” гэж мэдэгдлээ.
Түүний мэдэгдэл “United States Department of Defense” (Пентагон) Энэтхэгийн далайд Венесуэлтэй холбоотой гурав дахь газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулсан талаар мэдээлсний дараахан гарсан юм. Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн дүрс бичлэгт цэргүүд нисдэг тэрэгнээс бууж, хөлөг онгоц руу зэвсэг чиглүүлэн бууж буйг харуулжээ.
Саатуулагдсан “Берта” хөлөг онгоц аль улсаас гаралтайг тодорхой мэдээлээгүй ч АНУ-ын тал уг танкерыг Карибын тэнгисээс Энэтхэгийн далай хүртэл мөрдсөн гэв. Уг хөлөгт Венесуэлийн Merey 16 маркийн 1.9 сая баррель түүхий нефть ачсан байсан.
АНУ-ын Сангийн яамны мэдээллээр, “Берта” хөлөг онгоцыг Ирантай холбоотой гэж үзэж, хориг арга хэмжээнд хамруулсан бөгөөд Күүкийн арлуудын далбаан дор үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин тээврийн мэдээллийн “Equasis” системд дурдсанаар, уг хөлөг саяхан Карибын тэнгисийн Кюрасао арлын далбаанд бүртгэгдэж, Хятадын компанийн удирдлагад байсан гэжээ.
Сүүлийн үеийн үйл явдлууд нь АНУ дотооддоо, тэр дундаа “Arctic National Wildlife Refuge”-т газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж буйтай зэрэгцэн өрнөж байна. Гэвч чулуужсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого нь Карибын тэнгисийн бүс нутгийн орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, халуун орны шуурганы эрсдэлтэй нүүр тулж буй энэ үед шүүмжлэл дагуулсаар байна.
|
Эх сурвалж
| AL Jazeera
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад









