Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын Аюулгүйн Зөвлөл Суданы баруун хэсгийн Эль-Фашер хотод үйлдэгдсэн харгислалтай холбоотойгоор Суданы хагас цэргийн бүлэглэл болох Түргэн Дэмжлэгийн Хүч (RSF)-ийн дөрвөн удирдагчид шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Хоригт RSF-ийн дэд командлагч Абдул Рахим Хамдан Дагало, “Эль-Фашерын яргачин” хочит бригадын генерал Аль-Фатех Абдулла Идрис (Абу Лулу), мөн дэд командлагч Гедо Хамдан Ахмед, хээрийн командлагч Тижани Ибрагим нар багтжээ.
RSF-ийн тэргүүн Мохамед Хамдан Дагло (“Хемедти”)-гийн ах Абдул Рахим Хамдан Дагало нь Эль-Фашерыг эзлэх ажиллагааг удирдсан гэж НҮБ үзэж байна. Тус байгууллагын мэдээлснээр, хотыг эзэлсэн өдөр RSF-ийн хүчнүүд олноор нь хөнөөх, үндэстний шинжтэй цаазаар авах ажиллагаа явуулсан гэх ноцтой зөрчил үйлджээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын баримт тогтоох комисс Эль-Фашерт болсон хүчирхийлэл нь геноцидын шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан.
RSF зөрчил гарсныг хүлээн зөвшөөрсөн ч харгислалын цар хүрээг хэтрүүлсэн гэж мэдэгдсэн байна. RSF-ийг дэмжигч энгийн иргэд болон зэвсэгт бүлгүүдийн эвсэл болох Тасис хориг арга хэмжээг “шударга бус, төвийг сахиагүй” тайланд тулгуурласан хэмээн шүүмжилжээ. Тэд 800,000 гаруй энгийн иргэнийг Эль-Фашераас нүүлгэн шилжүүлж, хоол хүнс, эм тариагаар хангасан гэж мэдэгдсэн байна.
АНУ, Их Британи, Европын Холбоо өмнө нь эдгээр командлагчдын эсрэг хориг арга хэмжээ авч байсан бөгөөд Дагало ийнхүү дөрөв дэх удаагаа хоригт орж байна. НҮБ авах тодорхой арга хэмжээг зарлаагүй ч хөрөнгийг царцаах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах боломжтой.
Судан улс 2023 оны дөрөвдүгээр сараас хойш RSF болон армийн хоорондын мөргөлдөөнд нэрвэгдэж байна. НҮБ уг мөргөлдөөнийг “харгислалын дайн” хэмээн тодорхойлж, хэдэн арван мянган хүний аминд хүрч, дэлхийн хамгийн ноцтой өлсгөлөн, дүрвэгсдийн хямралыг үүсгэсэн гэж мэдээлжээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад









