Ойрх Дорнодод мөргөлдөөн хурцдаж, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүчтэй цохилт өгч, байгалийн хий, газрын тосны үнэ огцом өслөө.
Их Британид хийн үнэ огцом өсөж, дээд түвшинд хүрэв. Мөн Брент төрлийн түүхий нефтийн үнэ 2024 оны долоодугаар сараас хойш анх удаа баррель нь 85 ам.доллароос давсан байна.
Үүний зэрэгцээ АНУ, Европ, Азийн голлох хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш огцом унажээ.
Израил, АНУ Иранд агаарын цохилт өгч, Тегеран хариу арга хэмжээ авснаас хойш хөрөнгө оруулагчид уг зөрчлийн эдийн засгийн нөлөөллийг, ялангуяа инфляц болон хүүгийн түвшинд хэрхэн нөлөөлөхийг ажиглаж байна.
Ойрх Дорнод нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, тээврийн чухал зангилаа бүс нутаг. Мөргөлдөөн даамжирвал дөрвөн жилийн өмнө Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийсний дараахтай адил эрчим хүчний үнийн огцом өсөлт, улмаар дэлхий даяарх бараа, үйлчилгээний үнийн нэмэгдэл үүсэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Лондонд бүртгэлтэй томоохон компаниудын FTSE 100 индекс мягмар гарагийн арилжааны төгсгөлд 2.75%-иар буурсан бол Герман, Францын гол индексүүд тус тус 3.44% болон 3.46%-иар унажээ. Азийн зах зээлүүд ч мөн адил уналттай байв. Японы Никкей индекс 3.3%-иар буурсан бол Хонконгийн Ханг Сенг, Хятадын Шанхай Композит индексүүд мөн унажээ.
Газрын тосны үнэ хийн үнэтэй харьцуулахад бага өссөн ч өнгөрсөн Баасан гарагийнхаас мэдэгдэхүйц өндөр хэвээр байна.
Зөрчилдөөн зөвхөн эрчим хүчний үнийг өсгөхөөс гадна тээвэрлэлтийн өртгийг огцом нэмэгдүүлжээ. Лондон хотын хөрөнгийн биржийн мэдээлснээр Ойрхи Дорнодоос Хятад руу газрын тос тээвэрлэх супертанкер хөлслөх үнэ Даваа гарагт түүхэн дээд хэмжээнд хүрч, 400 мянган ам.доллароос давжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Их Британийн "Motor Fuel Group" компанийн захирал Аласдайр Локк “Газрын тосны үнэ өсөх тусам шатахууны үнэ цаг хугацааны явцад зайлшгүй нэмэгдэнэ” гэлээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад









