Персийн булан дахь аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор газрын тосны үнэ огцом өсжээ.
Азийн биржид Брент төрлийн газрын тосны үнэ 9 хувиас дээш өсөж, нэг баррель нь 100 ам.долларыг давсан байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) АНУ болон Израил Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагааны эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор 400 сая баррель газрын тос нөөцөөс гаргана гэж мэдэгджээ.
Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолой халдлагад өртөх магадлалтайн улмаас тээвэрлэлтийн нөхцөл байдал эмзэг хэвээр байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь энэ хоолойгоор дамжин тээвэрлэгддэг тул аливаа саатал дэлхийн эдийн засагт шууд нөлөөлдөг.
Мөн Исламын хувьсгалт харуулын корпус (IRGC)-ын хэвлэлийн төлөөлөгч АНУ, Израил болон тэдний холбоотнуудтай холбоотой хөлөг онгоцыг бай болгоно гэж анхааруулсан юм. Тэд “Газрын тосны үнийг зохиомлоор бууруулах боломжгүй. Нэг баррель газрын тос 200 ам.доллар хүрэх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна.
АНУ болон Израил хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг агаарын цохилт эхлүүлснээс хойш дэлхийн газрын тосны зах зээл тогтворгүй байдалд орсон бөгөөд энэ долоо хоногийн эхээр Брент газрын тосны үнэ нэг баррель нь ойролцоогоор 120 ам.долларт хүрсэн юм.
Үүний нөлөөгөөр олон улс оронд шатахууны үнэ өсөөд байна. АНУ-д шатахууны дундаж үнэ нэг галлон нь 3.50 ам.доллароос давжээ. Харин Ойрх Дорнодоос эрчим хүчний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай Азийн орнууд илүү хүнд байдалд орж байна. Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг орнуудад шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, хүмүүс шатахуун нөөцөлж эхэлсэн байна.
Тайландын эрх баригчид эрчим хүч хэмнэх зорилгоор төрийн байгууллагын ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг уриалж, шаардлагагүй гадаад томилолтыг цуцалжээ. Харин Филиппин улс эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд төрийн байгууллагуудыг дөрвөн өдрийн ажлын горимд шилжүүлээд байна.
Б.ЭНХЗАЯА






Гадаад









