НҮБ-ын дэмжлэгтэй бие даасан шинжээчдийн байгууллага болох Арьс өнгөөр ялгаварлан гадуурхлын эсрэг хороо (CERD) АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон зарим улс төрчдийн цагаачлалтай холбоотой “арьс өнгөөр ялгаварласан, үзэн ядалтыг өдөөх өнгө аястай үг хэллэг” нь хүний эрхийн зөрчил, үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Тус хорооны тайланд цагаачид, дүрвэгсэд, орогнол хүсэгчдийг улс төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгтэн, аюул занал мэтээр дүрслэх нь ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг өдөөж болзошгүйг онцолсон байна.
Харин Цагаан ордон уг тайланг “нэг талыг барьсан, ач холбогдолгүй” гэж няцаасан байна. Хэвлэлийн төлөөлөгч Оливия Уэлс Трампын засаг захиргаа улсын хилийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд амжилттай ажиллаж, америкчууд илүү аюулгүй орчинд амьдарч байгаа гэж мэдэгдэв.
Тайланд мөн сүүлийн жилүүдэд цагаачид, орогнол хүсэгчид, дүрвэгсдийг доромжилсон, хүнлэг бус байдлаар дүрслэх улс төрийн үг хэллэг нэмэгдэж байгааг дурдсан байна.
CERD өмнө нь ч АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, ялгаварлан гадуурхалтын асуудлаар тайлан гаргаж байсан бөгөөд энэ нь Барак Обама, Жо Байден нарын засаг захиргааны үед ч хөндөгдөж байжээ.
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа хууль бус цагаачдыг албадан гаргах өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр энэ оны эхээр Миннеаполис зэрэг хотуудад олон мянган холбооны албан хаагч илгээж, хяналт шалгалтыг чангатгасан байна.
Түүний цагаачлалын талаар хийсэн зарим мэдэгдэл олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан. Тухайлбал, Сомалийн цагаачдыг “эх орондоо буцах ёстой” гэж мэдэгдсэн нь томоохон маргаан үүсгэсэн юм.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад









