АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмийн бүтээгдэхүүн болон металлын импортод шинэ татвар ногдуулах шийдвэр гаргасныг Цагаан ордноос мэдэгдлээ.
Шинэ бодлогын хүрээнд санаачилгад нэгдээгүй зарим эмийн компаниудад 100 хүртэлх хувийн татвар ногдуулах бөгөөд энэ нь гадаадын үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэх, эмийг хэрэглэгчдэд шууд борлуулах гэрээ байгуулахыг шахах зорилготой юм. Томоохон компаниуд 120 хоногийн дараа, жижиг компаниуд 180 хоногийн дараа уг татварт хамрагдана.
Харин АНУ-тай худалдааны хэлэлцээртэй Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос, Швейцар зэрэг орнуудын компаниуд 15 хувь, Их Британийнх 10 хувийн татвартай хэвээр байх юм. АНУ-д үйлдвэрлэлээ шилжүүлэхээр тохиролцсон үйлдвэрлэгчдэд татварыг 20 хүртэлх хувиар бууруулах боломж олгожээ.
Мөн Трамп ган, зэс, хөнгөн цагааны татварыг шинэчилж, 50 хувийн татварыг импортын бодит төлбөрт үндэслэн тооцохоор болсон байна. Металл их хэмжээгээр агуулсан бараанд, тухайлбал угаалгын машинд 25 хувийн татвар ногдуулах өөрчлөлт оржээ.
Засаг захиргаа эдгээр арга хэмжээ нь үнийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа ч зарим улстөрчид, шинжээчид хэрэглэгчдийн зардал нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Б.ЭНХЗАЯА







Гадаад




