Dark Light
Гадаад | 2026-04-04

TESLA ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Америкийн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн энэ оны эхний улирлын борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувиар өссөнөөр тус компани дэлхийн цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авчээ. 

Харин Хятадын BYD компанийн борлуулалт тус хугацаанд 25.5 хувиар буурсан бөгөөд үүнд Хятадад төрөөс үзүүлдэг татаас багассан, мөн цахилгаан автомашинд ногдуулсан шинэ татварууд нөлөөлсөн байна.

Tesla компаниас мэдээлснээр, нэгээс гуравдугаар сард тус компани дэлхий даяар 358 023 ширхэг бүрэн цахилгаан автомашин (BEV) нийлүүлсэн байна. Харин энэ хугацаанд цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт (plug-in hybrid) автомашин үйлдвэрлэдэг BYD компани 310 389 автомашин борлуулжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, BYD компанийн хувьд өсөлтийнх нь гол эх үүсвэр болдог дотоодын зах зээлдээ хүндрэлтэй тулгараад байгаа бол Tesla дэлхийн даярх үйлчлүүлэгчдийнхээ өргөн сүлжээнд түшиглэн ажиллаж байна. 

Tesla, BYD компаниуд дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болохын төлөө 2023 оны дунд үеэс хойш өрсөлдөж байгаа юм. 2023 оны дөрөвдүгээр улиралд BYD компани зөвхөн бүрэн цахилгаан автомашины (BEV) нийлүүлэлтээрээ анх удаа Tesla-г ардаа орхисон байна. Гэвч 2026 оны эхээр Хятадын эх газарт төрийн дэмжлэг багассан, тухайлбал хуучин автомашинаа шинээр солиход олгодог татаас буурч, борлуулалтын татвар 0 байсныг 5 хувь хүртэл аажмаар нэмэгдүүлсэн нь эрэлтийг бууруулж, борлуулалт нь унахад хүргэжээ.

Үүний зэрэгцээ, Tesla-гийн Шанхай хот дахь “Gigafactory” үйлдвэрээс энэ оны гуравдугаар сард 85 670 автомашин нийлүүлсэн нь 46.2 хувиар өсжээ. Үүнд дотоодын борлуулалт болон экспорт орж байгаа юм. Эхний улиралд тус үйлдвэрээс 213 398 автомашин хэрэглэгчдэд нийлүүлсэн нь мөн хугацаанд Tesla-гийн дэлхий даяарх нийлүүлэлтийн 60 шахам хувийг эзэлж байна.

Tesla зэрэг Хятадад үйл ажиллагаа явуулж буй автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг татахын тулд бага хүүтэй зээл олгох зэрэг урамшууллыг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал, Tesla-гийн Хятад дахь салбар жилийн 1.36 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай зээл санал болгосон нь хэрэглэгчдэд урьдчилгаа төлбөрөө төлөөд Model 3 болон Model Y загваруудад сар бүр 2000 юаниас бага төлбөр төлөх боломжийг олгож байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Tesla компани тэргүүлэх байр сууриа эргүүлэн авсан нь дэлхий даяар борлуулалт нь тогтворжсон, мөн компанийн үр ашигтай стратегитай холбоотой. Харин BYD компанийн хувьд одоогоор дотоод бодлогын нөлөө болон тус улсын зах зээл дэх үнийн ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байна.

Энэ оны нэгдүгээр сард Tesla компани дэлхий даярах нийлүүлэлт нь өмнөх оныхоос 8.6 орчим хувиар буурсан гэж мэдэгдэж, жилийн борлуулалтын хэмжээгээрээ анх удаагаа Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD-д байр сууриа алдсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22