Иран улс Ормузын хоолойг арилжааны тээвэрлэлтэд бүрэн нээж байгаагаа зарлалаа. Энэхүү шийдвэр нь дэлхийн эрчим хүчний зах зээлд эерэг хүлээлт үүсгэж, газрын тосны үнэ болон олон улсын индексүүдэд хүчтэй нөлөө үзүүлж эхлэв.
Иран: "Ливанд гал зогсоох хугацаанд хоолой нээлттэй байна"
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи 2026 оны 4 дүгээр сарын 17-ны Баасан гарагт албан ёсоор мэдэгдэл хийлээ. Тэрбээр "X" (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан:
"Ливанд гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг арилжааны тээвэрлэлтэд бүрэн нээж байна. Хөлөг онгоцнууд Ираны Боомтууд болон далайн байгууллагын зарласан зохицуулалттай маршрутаар зорчих боломжтой" хэмээн жиргэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнтэй холбогдуулан "Ормузын хоолой бизнест нээлттэй байгаа ч АНУ Ираны боомтуудыг хаасан (хориг тавьсан) хэвээр байх болно" гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн байна.
Газрын тос ба Хөрөнгийн зах зээлийн хариу үйлдэл
Хоолой нээгдсэн мэдээ гарсны дараа эрчим хүчний зах зээлд үнийн "шок" үүслээ.
- Газрын тосны үнэ: Брент маркын тосны үнэ өдрийн эхэнд 98 ам.доллар байсан бол мэдээ гарсны дараа 90 ам.доллар болж огцом буурав.
- Сануулахад: Мөргөлдөөн эхлэхээс өмнө үнэ 70 ам.доллар орчим байсан бөгөөд өнгөрсөн 3 дугаар сард оргил үедээ 119 ам.доллар давж байсан юм.
- Хөрөнгийн бирж: Европ болон АНУ-ын зах зээлд өсөлт ажиглагдаж байна.
- Парисын CAC болон Франкфуртын DAX индексүүд 2%-иас дээш өсөв.
- Лондонгийн FTSE индекс 0.5%-ийн өсөлт үзүүллээ.
Дэлхийн удирдагчдын байр суурь
Дэлхийн томоохон гүрнүүд Ормузын хоолой нээгдсэнийг сайшааж байгаа ч энэ нь түр зуурынх биш, урт хугацааны шийдэл байх ёстойг сануулж байна.
Франц болон Их Британи улсууд хамтарсан мэдэгдэл хийж, хэрэв хоолойг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр бүрэн нээсэн тохиолдолд "Далайн тээврийн эрх чөлөөг хамгаалах олон улсын даалгавар"-ыг манлайлан удирдахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Шинжээчийн тэмдэглэл: Ормузын хоолой нь дэлхийн нийт газрын тосны тээвэрлэлтийн гуравны нэг орчим нь дамжин өнгөрдөг стратегийн чухал цэг тул энэхүү үйл явдал нь инфляцын дарамтыг зөөлрүүлэхэд гол нөлөө үзүүлэхээр байна.
Б.АМАРТҮВШИН







Гадаад





