Хантавирусийн халдвар нь мэрэгч амьтад болон тэдгээрийн ялгадастай холбоотой орчны өртөлтөөс шалтгаалан үүсдэг амьсгалын замын хүнд хэлбэрийн дутагдал болон зүрхний гаралтай шок үүсгэх боломжтой халдварт өвчин юм. Одоогоор вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй, нас баралтын түвшин 50 хувь хүртэл хүрч болдог. Хантавирусийн овогт олон төрлийн вирус багтдаг боловч Андын төрөл нь хүнээс хүнд дамжих боломжтой нь батлагдсан байдаг. Хантавирусийн халдвар нь ноцтой боловч дэлхийн хэмжээнд тохиолдлын давтамж харьцангуй бага нийгмийн эрүүл мэндийн эрсдэлд тооцогддог.
2026 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нидерланд улсын далбаатай MV Hondius аяллын усан онгоц дээр амьсгалын замын хүнд хэлбэрийн цочмог өвчлөл бүртгэгдсэн. Тус усан онгоцонд нийт 147 хүн (86 зорчигч, 61 багийн гишүүн) зорчиж байгаа бөгөөд 23 улсын иргэдийг хамарч байна. Үүнд Аргентин, Австрали, Бельги, Канад, Франц, Герман, Грек, Гватемал, Энэтхэг, Ирланд, Япон, Монтенегро, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Португал, ОХУ, Испани, Турк, Украин, Их Британи, АНУ-ын иргэд багтсан. 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн усан онгоц Кабо-Верде улсын эргийн ойролцоо зогсож байна.
2026 оны 5 дугаар сарын 05-ны байдлаар нийт 8 тохиолдол, үүнээс 3 нас баралт бүртгэгдсэн байна. Эдгээрээс 3 нь лабораториор хантавирус батлагдсан бөгөөд 2 нь гений дарааллын шинжилгээгээр Андын төрөл болох нь тогтоогдсон.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үнэлгээгээр тухайн аялалд оролцсон хүмүүсийн хувьд эрсдэл дунд зэрэг, харин дэлхийн хэмжээнд тархах эрсдэл бага гэж үзэж байна.
|
Эх сурвалж
| ДЭМБ
|
АДМИН







Гадаад







