Израил, Ливан улсуудын төлөөлөгчид Вашингтонд хоёр өдөр хэлэлцээ хийсний эцэст "хэврэгхэн" байгаа гал зогсоох хэлэлцээрийг дахин 45 хоногоор сунгахаар тохиролцсон тухай АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.
"Эдгээр яриа хэлэлцээний үр дүнд хоёр орны хооронд бат бөх энх тайвныг тогтоох, бие биенийхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүлээн зөвшөөрөх, мөн хил орчмын бүсэд бодит аюулгүй байдлын баталгааг бий болгоход ахиц дэвшил гарна гэж бид найдаж байна" хэмээн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 16-нд зарласан гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөөр байгаа хэдий ч талууд уулзахыг зөвшөөрчээ.
Төрийн департамент мөн хэлэлцээний "улс төрийн хэсгийг" зургаадугаар сараас үргэлжлүүлнэ гэдгийг мэдээлжээ. Зөвлөлдөх уулзалтын шинэ үе шат зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болох төлөвтэй байна.
"Үүнээс гадна, тавдугаар сарын 29-нд Пентагонд хоёр орны цэргийн төлөөлөгчид оролцсон аюулгүй байдлын асуудлаарх тусдаа хэлэлцээ эхэлнэ" гэж Т.Пиготт нэмж дурджээ.
Вашингтонд болсон энэ удаагийн уулзалтын зорилго нь байлдааны ажиллагааг зогсоохыг оролдох, мөн 1948 онд Израил улс байгуулагдсанаас хойш дайны байдалд байгаа хоёр талын цаашдын харилцааны талаар хэлэлцэх явдал байв. Гэвч Израилын олон шинжээчийн таамаглаж байсанчлан эдгээр асуудлаар дорвитой ахиц дэвшил гарсангүй.
Үүний зэрэгцээ АНУ-ын зуучлагчдыг оролцуулаад хэлэлцээнд оролцогч талууд бүгд энэ удаагийн үе шатанд гал зогсоох хэлэлцээрийг сунгахаар тохиролцсоныг хангалттай үр дүн гэж үзэж болно гэдэгтэй санал нэгджээ.
Б.АМАРТҮВШИН







Гадаад







