Дэлхийн газрын тосны нөөцийн хэмжээ албан ёсны тоо баримт дээр хангалттай мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр шууд ашиглах боломжтой нийлүүлэлт эрс багассаныг эрчим хүчний салбарын нэрт стратегич Жефф Карри онцгойлон анхаарууллаа. Түүний үзэж байгаагаар, Ази тив хэдийнэ газрын тосны хамгийн доод түвшиндээ тулж ирсэн бөгөөд нийлүүлэлтийн дараагийн томоохон дарамт Европ болон АНУ-д нүүрлэх эрсдэл ойрхон байна.
Карригийн тайлбарласнаар, агуулахуудад хуримтлагдсан нийт тос нь зах зээлд шууд нийлүүлэгдэх боломжгүй байдаг аж. Учир нь түүхий тосны тодорхой хэмжээний суурь үлдэгдэл нь дамжуулах хоолой болон логистикийн системийг техникийн хувьд хэвийн, аюулгүй ажиллуулахад зайлшгүй шаардагддаг байна. Үүнийг тэрээр автомашины шатахууны савны ёроолд үлддэг, техникийн хувьд тэндээ байгаа ч хөдөлгүүрт тэжээл болж ашиглагддаггүй үлдэгдэл шатахуунтай зүйрлэжээ.
Одоогоор АНУ өөрийн стратегийн нөөцөөсөө Европ руу их хэмжээний түүхий тос экспортолж байгаа нь Европын зах зээлийг тогтвортой мэт харагдуулж байгаа ч энэ байдал удаан үргэлжлэхгүй гэдгийг тэрээр санууллаа. Карри "Европын хувьд дахиад ганцхан сар орчмын хугацаа байна, харин долдугаар сараас эхлэн АНУ-д нөөцийн ноцтой асуудал үүсэж болзошгүй" хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү таамаглал нь Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан "Ирэх зуны саруудад газрын тосны зах зээл эрсдэлийн улаан бүс рүү орж магадгүй" гэсэн сүүлийн үеийн анхааруулгатай цаг хугацааны хувьд яг таарч байгаа юм.







Гадаад






