Dark Light
Гадаад | 2026-05-27

ХЯТАД УЛС ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ХЭРХЭН СУРГАЖ, ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Түүхийн туршид суут ухаантнууд авьяас чадвараа хөгжүүлэхэд олон арван жил зарцуулж, дараа нь өөрсөдтэйгөө төстэй хүмүүсийн эрэлд гардаг” хэмээн Харвардын их сургуулийн профессор, “Multiple Intelligences Theory” онолыг үндэслэгч Ховард Гарднер айлджээ. Суут ухаантнууд улс орон бүрд тодорхой хэмжээгээр байдаг. Гэсэн хэдий ч тэдний оюун ухааныг хөгжүүлэхийн тулд тодорхой нөхцөлүүд шаардлагатай. Авьяас чадварыг эрт илрүүлж, ажилдаа бүрэн төвлөрөх боломж олгож, ижил төстэй авьяас чадвартай хүмүүстэй холбож, хамтран ажиллах орчин бүрдүүлэх ёстой.

   Хятад улс суут ухаантнуудыг хөгжүүлэх төрийн удирдлагатай системийг бий болгосон байна. Энэ нь суутнууд гарч ирэхийг хүлээх биш, бага сургуулиас эхлэн сод ухаантай хүүхдүүдийг олж илрүүлж, шалгаруулж, дараа нь системтэйгээр сургаж боловсруулна гэсэн үг. Хятадын энэ системийн үйл явц дөрвөн үе шаттай. Эхний шатанд 10 орчим настайдаа тусгай сургуульд элсүүлж, 15 насандаа их сургуулийн боловсрол дүүргэж, хориод насандаа магистр, цаашлаад докторын зэрэг хамгаалж төгсөөд, эцэст нь өндөр технологийн компани байгуулах эсвэл судалгааны ажилтан болох хүртэл үргэлжилдэг авьяас чадварыг хөгжүүлэх систем юм.

   Үүний тулд “Балчир суутнуудын анги” гэх шинэ анги нээсэн бөгөөд энэ нь 15 орчим насны авьяаслаг сурагчдад зориулсан бакалаврын хөтөлбөр юм. Одоогоор Бээжингийн их сургуульд хоёр анги, Жэжян, Жиансу, Шааньши, Аньхуй зэрэг нэр хүндтэй зургаан их сургуульд тус тус нэг анги нээн ажиллуулж байна. Хамгийн алдартай хөтөлбөр бол Аньхуй мужийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд нээсэн анги бөгөөд үүнийг KAIST системийн хятад хувилбар гэж нэрлэдэг. 1978 оноос хойш жил бүр 15-16 насны авьяаслаг сурагчдыг сонгон сургаж буй тус ангид элссэн оюутнууд тодорхой мэргэжлийг сонгохгүйгээр хоёр жил орчим суралцах хугацаандаа математик, физик зэрэг үндсэн салбарын ур чадвараа бататгаж, судалгааны тэсвэр тэвчээр бий болгоход голлон анхаарна. Дараа нь тодорхой мэргэжил сонгож, 3-4 жилийн дотор докторын зэрэг хамгаалаад хориод насандаа сургуулиа төгсөнө. Өөрөөр хэлбэл үе тэнгийнхэн нь их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан болж байхад тэд аль хэдийн докторын зэрэг хамгаалж, технологийн компани байгуулж, эсвэл үндэсний стратегийн асуудлаар судалгаа хийж эхэлдэг. Залуу суутнуудын ангийг төгсөгчдөөс Хятадын хиймэл оюун ухааны чип дизайны тэргүүлэгч “Cambricon” компанийг үүсгэн байгуулсан ах дүү Чен Юнжи, Чен Тяньши, тус улсын анхны хиймэл оюун ухааны дуу хоолой таних технологийг боловсруулсан “iFlytek” компанийг үүсгэн байгуулагч Лю Чинфэн нарыг нэрлэж болно.  Тус системийг 1978 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш элсэгчдийн тоо жил бүр нэмэгдсээр ирсэн бөгөөд 2025 онд хамгийн олон буюу 380 сурагч шалгаруулалтыг амжилттай давж элсэн оржээ. Сүүлийн үед нэр хүндтэй их сургуулиуд гоц авьяастай хүүхэд залууст зориулсан тусгай анги нээж, хаалттай нарийн шалгуураар оюутнууд элсүүлсээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10