Санхүүгийн технологийн “Cash App” компани төлбөр тооцоог илүү сонирхолтой, хөгжилтэй болгох үүднээс солонгорсон өнгөтэй “Cash App Wand” хэмээх шидэт савааг зах зээлд гаргалаа. Хэрэглэгчид заавал гар утсаа гаргаж эсвэл картаа уншуулах шаардлагагүйгээр, ердөө энэхүү жижиг савааг төлбөрийн терминалд ойртуулан "ид шид" мэт хялбархан төлбөрөө хийх боломжтой болж байна.
Энэхүү шинэлэг бүтээгдэхүүний санаа нь “TikTok” болон гар урлалын “Etsy” платформ дээр өрнөж байсан хэрэглэгчдийн өөрсдөө хийх "DIY" трэндээс үүдэлтэй юм. Залуус 3D принтер ашиглан контактгүй картын өвөрмөц гэр, тэр дундаа шидэт савааны загваруудыг өөрсдөө бүтээж байсныг “Cash App” компани соргогоор олж харан албан ёсны бүтээгдэхүүн болгон хөгжүүлжээ.
“Cash App” нь залуусын сошиал соёл, орчин үеийн дизайн болон төлбөрийн технологийг ийнхүү нэг дор зангидаж чадлаа. Хэдийгээр жижиг чимэглэл мэт харагдах боловч энэхүү шидэт саваа нь брэндийн үнэ цэнийг өсгөх, хэрэглэгчдийг татах, цахим орчинд нэр хүндийг нь өсгөх маркетингийн маш хүчтэй зэвсэг болж байна.







Гадаад







