Дэлхийн цөмийн зэвсэгтэй есөн улс зэвсгийн нөөцөө хадгалах, шинэчлэх болон хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаагийн улмаас 2025 онд цөмийн зэвсэгт зарцуулсан дэлхийн нийт зардал 119 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос эрс өссөн талаар Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажлын (ICAN) шинэ тайланд дурджээ.
Тайланд тэмдэглэснээр, цөмийн зэвсэгт зориулсан зардал 2024 онтой харьцуулахад 16.8 тэрбум ам.доллар буюу 19 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр дэлхийн цөмийн зэвсэглэлд зарцуулж буй хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Зардлын хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд цөмийн зэвсгийн хөтөлбөртөө 69.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь цөмийн зэвсэгтэй бусад бүх улсын нийлбэр зардлаас ч давсан үзүүлэлт болсон байна.
Харин БНХАУ 13.5 тэрбум ам.долларын зардлаар хоёрдугаарт бичигдсэн бол Их Британи 12.6 тэрбум ам.доллар зарцуулснаар гуравдугаарт жагсжээ.
Судалгаанаас харахад, цөмийн зэвсэг эзэмшдэг есөн улс 2021-2025 оны хооронд нийт 471 тэрбум ам.долларыг цөмийн зэвсэглэлдээ зарцуулсан байна. Энэ нь дэлхийн аюулгүй байдал, зэвсэглэл хорогдуулах асуудал олон улсын анхаарлын төвд хэвээр байгааг харуулж буй юм.
Нөгөө талаас цөмийн зэвсгийг бүрэн устгахыг дэмжсэн олон улсын хөдөлгөөн өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд дэлхийн 99 улс гарын үсэг зурж, соёрхон баталжээ. Уг гэрээ нь оролцогч орнуудад цөмийн зэвсгээс бүрэн татгалзах үүрэг хүлээлгэдэг олон улсын эрх зүйн чухал баримт бичигт тооцогдож байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, нэг талаас цөмийн зэвсэгт зарцуулах хөрөнгө нэмэгдэж байгаа ч нөгөө талаас түүнийг хориглох, устгахыг дэмжигч орнуудын хүрээ өргөжиж байгаа нь дэлхийн аюулгүй байдлын бодлогын хоёр өөр чиг хандлагыг тод харуулж байна.
Б.АМАРТҮВШИН







Гадаад







