Европын орнуудад агаарын температур огцом халж, түүхэн дэх хамгийн халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэд болон аялагчдыг сонор сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагуудаас анхааруулж байна. Халуун агаарын урсгал тивийн ихэнх хэсгийг хамраад байгаа бөгөөд улс орнуудын нөхцөл байдал дараах хувилбартай байна.
-
Испани: Севилья, Кордова, Сарагоса орчимд агаарын температур 40 хэмд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн шөнийн цагт ч дулаан буурахгүй, өндөр хэвээр байх төлөвтэй байна.
-
Франц: Нийслэл Парис болон өмнөд бүс нутгуудаар 34–40 хэм хүрч халах тул цаг агаарын онцгой сэрэмжлүүлэг зарлаад байна.
-
Итали: Тоскана, Лацио, Эмилия-Романья болон өмнөд мужуудад агаарын хэм 38–40 хэмд хүрнэ.
-
Герман: Баруун болон өмнөд мужуудад температур улирлын дунджаас 9–13 хэмээр өндөр байх бөгөөд зарим газраар 35 хэмээс давах аж.
-
Төв Европ: Бельги, Швейцарь, Австри, Унгар, Румын зэрэг орнуудад халуун агаарын масс тархаж, 35–38 хэм хүрч халах төлөв гарчээ.
Хэт халалтын улмаас аялал жуулчлал болон нийтийн тээврийн хөдөлгөөнд саатал үүсэх, хуваарь өөрчлөгдөх өндөр эрсдэлтэй байна. Тиймээс:
Мэдээллээ шалгах: Нислэг болон галт тэрэгний хөдөлгөөний мэдээллийг урьдчилан сайтар тодруулах;
Эрүүл мэндээ хамгаалах: Нарны цохилт, шингэн алдалтаас сэргийлж, халуунаас хамгаалах арга хэмжээг чанд мөрдөхийг зөвлөж байна.






Гадаад








