Египетийн баруун нутгийн Бахария баян бүрдээс археологичид ойролцоогоор 2500 жилийн настай эртний сүмийн цогцолборын үлдэгдлийг олж илрүүлжээ.
Уг олдворыг "Аль-Каср Аль-Кадим" ("Хуучин ордон") сүмийн орчмоос илрүүлсэн бөгөөд манай эриний өмнөх 664-525 онд Египетийг захирч байсан 26 дугаар угсааны хаанчлалын үед хамаарах аж.
Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлснээр, тус улсын Эртний олдворуудын дээд зөвлөлийн судалгааны багийнхан элсэн чулуун байгууламжийн үлдэгдэл, Фараон I Псамтикийн нэр, цол хэргэмийг сийлсэн чулуун блокууд болон бусад хэд хэдэн олдворуудыг илрүүлсэн байна.
Шинээр илрүүлсэн олдворууд нь түүхийн янз бүрийн үед тухайн бүс нутгийн засаг захиргааны томоохон төвүүдийн нэг байсан энэхүү цогцолбор нь түүх, шашны чухал ач холбогдолтой байсныг батлан харуулж байна хэмээн Эртний олдворуудын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Эллейси ярилаа.
Египетийн эртний олдворын салбарын дарга Мухаммад Абд аль-Бади мэдээлэхдээ, сүмийн 16 элсэн чулуун багана бүхий гол баганат танхим, мөн уг танхимтай залгаа өрөөнүүд болон тахилын онгонуудыг археологичид илрүүлж чадсан гэлээ. Хана болон архитектурын элементүүд дээр Эртний Египетийн бурхад болох Амон-Ра, Амунет, Хонсу нарын нэрийг дүрс үсгээр сийлсэн нь хадгалагдан үлдсэн байна.
Судлаачдын тогтоосноор, уг танхимын барилгын ажил Фараон I Псамтикийн үед эхэлж, грекчүүдийн Амасис гэж нэрлэдэг байсан II Яхмос, Априй гэдэг нэрээрээ илүү алдартай Вахибре нарын хаанчлалын үед дууссан байна.
Үүнээс гадна, XVIII угсааны Фараон II Аменхотепын үед хамаарах чулуун хөшөөг олсон байна. Энэхүү олдвор нь тус баян бүрд Шинэ хаант улсын үеэс л Египет улстай холбоотой байсныг баталж байгаа ажээ. Мөн II Рамсесийн үеийн эд өлгийн зүйлс олдсон нь энэ газар 26 дугаар угсааны үеэс ч өмнө шашин, хот суурины идэвхтэй төв байсныг гэрчилж байгааг судлаачид хэлжээ.








Гадаад








