Вьетнамын эрх баригчид хуурамч брэндийн барааны худалдаатай тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж, Хо Ши Мин хотын хоёр агуулахаас Nike, Adidas, Gucci, Crocs зэрэг брэндийн логотой 23 мянга гаруй хос хуурамч шаахай хураан авчээ. Мөн улс даяар оюуны өмчийн эрх зөрчсөн бүтээгдэхүүн, хууль бус худалдааг илрүүлэх өргөн хүрээний шалгалтыг эхлүүлээд байна.
Энэхүү арга хэмжээ нь АНУ Вьетнамыг оюуны өмчийн хамгаалалт хангалтгүй улс хэмээн шүүмжилж, худалдааны дарамт нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Эрх баригчид сүүлийн долоо хоногуудад 1400 гаруй оюуны өмчийн зөрчлийг илрүүлж, хэд хэдэн томоохон зах, агуулах, дэлгүүрт нэгжлэг хийжээ.
Гэсэн ч худалдаачид хуурамч бараагаа агуулахдаа нуух, брэндийн нэрийг бага зэрэг өөрчилж худалдаалах зэрэг аргаар хяналтаас зайлсхийсээр байгаа аж. Ихэнх бүтээгдэхүүн Хятадаас нийлүүлэгддэг бөгөөд Вьетнамын зах зээлд өргөнөөр борлуулагддаг байна.
Орон нутгийн дизайнерууд энэхүү хатуу бодлогыг дэмжиж, хуурамч бүтээгдэхүүн шударга өрсөлдөөн, оюуны өмчид ноцтой хохирол учруулдаг гэж үзэж байна. Харин бага орлоготой иргэдийн хувьд хямд үнэтэй хуурамч бараа нь жинхэнэ брэндийг орлох цорын ганц сонголт хэвээр байгаа нь эрэлтийг бууруулахад хүндрэл учруулж байна.
Судлаачдын үзэж буйгаар хэрэглэгчдийн эрэлт өндөр хэвээр байгаа цагт Вьетнамын хуурамч барааны зах зээлийг бүрэн устгах боломж хязгаарлагдмал бөгөөд хууль бус худалдаачид шинэ нөхцөлд дасан зохицох арга замаа үргэлж олсоор байх болно.








Гадаад





