ОХУ өнгөрсөн шөнө Украйны нийслэл Киев хот руу баллистик болон далавчит пуужин, дроноор томоохон хэмжээний цохилт өгчээ. Урьдчилсан мэдээллээр халдлагын улмаас багадаа арван хүн амиа алдаж, 24 хүн шархадсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.
Довтолгооны үеэр Подильский дүүргийн орон сууцны барилгын нэг хэсэг нурж, Дарниця дүүргийн олон давхар орон сууцнууд гэмтсэн байна. Нурангин дор хүмүүс дарагдсан байж болзошгүй тул онцгой байдлын алба эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Халдлага хэд хэдэн үе шаттай үргэлжилж, хот даяар дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бөгөөд иргэд метроны буудлуудад хоргодсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Киевт олон хүний аминд хүрсэн томоохон довтолгооны дараах ээлжит цохилт болжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський халдлага болохоос хэдхэн цагийн өмнө ОХУ шинэ томоохон цохилт өгөх эрсдэлтэйг анхааруулж байсан бөгөөд барууны орнуудаас агаарын довтолгооноос хамгаалах систем, ялангуяа Patriot пуужингийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг дахин уриалжээ.
Энэхүү халдлага нь Туркт эхлэх гэж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр болсон бөгөөд Украины дайн, аюулгүй байдлын асуудал уулзалтын гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна.







Гадаад





