Криптовалютын аналитик хийдэг "Nansen" фирмийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан "$TRUMP" мемекоиныг худалдаж авсан сая орчим хүн нийтдээ 3.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.
"The New York Times" сонины мэдээлснээр, Nansen фирмийн блокчейн дээрх нээлттэй, ил тод гүйлгээнүүдэд хийсэн дүн шинжилгээгээр 6-р сарын сүүл үеийн байдлаар нийт 988,905 данс уг мемекоиноос болж алдагдал хүлээсэн нь тодорхой болжээ. Энэ нь $TRUMP коиныг худалдаж авсан 3 хүн тутмын 2 нь хохирсон гэсэн үг юм.
Ням гарагийн байдлаар уг коин 1.69 ам.доллароор арилжаалагдаж байсан нь хамгийн оргил үе болох 75.35 ам.доллароосоо бараг 98%-иар унасан үзүүлэлт болж байна.
Трамп уг мемекоиныг 2025 оны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоосоо гурван өдрийн өмнө зарлаж байсан юм. Тэрээр үүнээс өмнө өөрийн хөвгүүдтэйгээ хамтран "World Liberty Financial" хэмээх крипто стартапыг үүсгэн байгуулж байсан бөгөөд тэдний гаргасан "$WLFI" коины үнэ цэнэ ч мөн адил үлэмж хэмжээгээр буураад байгаа аж.
Ерөнхийлөгч Трамп саяхан гаргасан санхүүгийн тайландаа, өнгөрсөн жил крипто салбараас олсон 1.4 тэрбум ам.долларынхоо бараг тал хувийг буюу 636 сая ам.долларыг зөвхөн энэхүү $TRUMP мемекоиноос олсон гэдгээ илчилжээ.
Трампын засаг захиргааны үед Үнэт цаас, биржийн хороо (SEC) мемекоинуудыг үнэт цаас гэж үзэж зохицуулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд крипто компаниудын эсрэг үүсгэсэн хэд хэдэн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч "The New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг дэлхийн крипто нийслэл болгосноороо бахархаж байгаа" хэмээжээ.






Гадаад






