Италийн Геофизик, Галт уул судлалын үндэсний хүрээлэн (INGV)-ийн мэдээлснээр, далайн түвшнээс ойролцоогоор 3,000 метрийн өндөрт, Хойд-Зүүн кратерын суурийн хэсэгт шинээр үүссэн хагарлаас улайссан лаав урсан гарч, Valle del Leone чиглэлд тархаж эхэлсэн байна. Лаав нь зуурамтгай чанар өндөртэй тул харьцангуй удаан боловч тогтвортой урсаж, замдаа тааралдсан хэсгийг бүрхэн, галт уулын хий болон хайлсан чулуулгийг тасралтгүй ялгаруулж байгаа аж.
Үүний дараа 6-р сарын 27-ны баасан гарагт мөн ойролцоогоор 3,000 метрийн өндөрт дахин нэг хагарал нээгдэж, тод улбар шар өнгийн лаав оргилон урсаж эхэлсэн байна.
Судлаачдын үзэж буйгаар, одоогоор дэлбэрэлтийн цаашдын явцыг тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд энэ нь Этнагийн Voragine кратерын илүү хүчтэй, богино хугацааны пароксизм төрлийн дэлбэрэлтийг өдөөж болзошгүй. Мөн эсрэгээрээ идэвхжил аажмаар намжиж, зөвхөн байгалийн үзэсгэлэнт үзэгдэл болон үргэлжлэх магадлал ч бий.
Одоогийн байдлаар лаав суурин бүсэд хүрээгүй бөгөөд оршин суугчдад шууд аюул учруулаагүй байна. Иймээс ойролцоох тосгод болон нисэх буудлуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. Харин байгалийн энэхүү сүрлэг үзэгдлийг үзэхийг хүссэн хүмүүсийн хувьд Acireale-ээс Taormina хүртэлх Этнагийн зүүн энгэрийн хотууд, тэр дундаа Milo, Sant’Alfio, Giarre орчмоос лаавын урсгалыг тод харах боломжтой гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.






Гадаад






