АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) “Ingenuity” загварын робот нисдэг тэргүүдийг ашиглан Ангараг гараг дээр ирээдүйд хүн буулгахад тохиромжтой байж болох газруудыг хайхаар төлөвлөж байна.
NASA-гийн төлөөлөгчийн мэдээлснээр, цөмийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, гараг хоорондын анхны төхөөрөмжийг 2026 онд хөөргөх бөгөөд ингэснээр Ангараг руу “Ingenuity” ангиллын нисдэг тэргүүд бүхий “SkyFall” ачааг хүргэж, ирээдүйд сансрын нисэгчид буухад тохиромжтой газруудыг хайх боломж бүрдэх ажээ. NASA өмнө нь Ангараг гараг руу жолоодлогот нислэг үйлдэх боломжтой хугацааг 2040 оноос өмнө гэж мэдэгдэж байсан юм.
Мөн "SR-1 (Space Reactor-1) Freedom" нэртэй цөмийн хөдөлгүүртэй сансрын аппаратыг хамгийн бага нэмэлт зардлаар бүтээхээр төлөвлөж байна. Уг төхөөрөмжийг түр зогсоогоод байгаа “Gateway” хөтөлбөрийн хүрээнд худалдан авсан тоног төхөөрөмжийг ашиглан угсрах ажээ. "Gateway" хөтөлбөрийг Сар орчмын тойрог замд сансрын станц байгуулахаар хэрэгжүүлж байсан юм. NASA “SR-1 Freedom” аппаратыг бүтээж, Ангараг руу илгээхэд ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
"Ingenuity" нисдэг тэргийг 2021-2024 онд Ангараг гаргийг судлахад ашиглаж байсан юм. Уг төхөөрөмжийг “Perseverance” явагч аппаратын хамтаар 2021 онд Улаан нүдэн гараг руу хөөргөжээ. “Ingenuity” Ангараг дээр 72 удаа ниссэн байна. NASA-гийн мэдээлснээр, 1.8 кг орчим жинтэй энэхүү төхөөрөмжийг бүтээхэд 80 сая ам.доллар зарцуулжээ.
“Ingenuity”-г “Perseverance” явагч аппаратын хүрч чадахгүй Ангарагийн бүсүүдийг судлах, гаргийн гадаргуугийн 3D зураглалыг гаргах, мөн судалгааны бусад ажлыг гүйцэтгэхэд ашиглаж байжээ. Харин уг аппарат сүүлчийн нислэгээ хийж газардах үед сэнс нь эвдэрсэн тул даалгавраа албан ёсоор дуусгасныг NASA 2024 оны нэгдүгээр сард мэдэгдсэн байна.






Гадаад





