Dark Light
Гадаад | 2026-07-27

STARSHIP ПУУЖИНГИЙН 13 ДАХЬ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

“SpaceX” компанид зохион бүтээсэн аварга том “Starship” сансрын хөлгийн туршилтын загварыг хөөргөх 13 дахь удаагийн туршилтын нислэг амжилттай болжээ. Баасан гарагт явуулсан туршилтыг тус компанийн X нийгмийн сүлжээний хуудсаар шууд дамжуулсан байна.

Уг хөлгийн дээд угсраа хэсэг Энэтхэгийн далайд амжилттай буусан байна. "Энэ бол Starship хөлөг Энэтхэгийн далайд хийсэн хамгийн зөөлөн буулт боллоо" гэж SpaceX-ийн төлөөлөгч шууд дамжуулалтын үеэр хэлжээ.

"SpaceX" компани "Starship"-ийн гурав дахь үеийн дахин ашиглах боломжтой сансрын системийг үргэлжлүүлэн туршиж байгаа юм. Энэ удаагийн нислэгийн явцад "Raptor" хөдөлгүүрийг дахин асаах механизмыг шалгаж, мөн анх удаагаа хөлгийн ачааны хэсгээс 20 ширхэг "Starlink V3" хиймэл дагуулын загварыг гаргасан байна. Уг хиймэл дагуулууд хөлгөөс салснаас хойш 20 орчим минутын дараа дэлхийн агаар мандалд дахин нэвтрэх үед төлөвлөсний дагуу шатжээ.

Тус компани энэ удаагийн туршилтаар "Super Heavy" зөөгч пуужинг буцаж ирэхэд нь "Mechazilla" тавцан дээр барьж авах зорилт тавиагүй байна. Уг пуужин хөлгөөс салсны дараа Мексикийн буланд усан дээр амжилттай буусан байна.

“Starship”-ийг хөөргөх өмнөх туршилт энэ оны тавдугаар сард болсон юм. Тухайн үед SpaceX-ийн гурав дахь үеийн (V3) пуужингийн анхны загвар болох "Starship S39"-ийг хөөргөжээ. Сансрын уг хөлөг усанд буусныхаа дараа дэлбэрсэн байна. "SpaceX"-ийн мэргэжилтнүүд тухайн нислэгийн үеэр илэрсэн доголдлуудыг засаж, программ хангамжид шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан хэмээн мэдэгдэж байв. 

“Starship” хөлгийг дэлхий орчмын тойрог замд нислэг үйлдэх, сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт төдийгүй түүнээс алсад илгээх зорилгоор зохион бүтээжээ. Тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий олон удаа ашиглах зориулалттай, хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээсэн байна. "Super Heavy" болон "Starship" хөлөг дэлхийд эргэн газардахдаа эгц босоогоор бууна. Зөөгч пуужин, сансрын хөлгийн урт нь нийлээд 121 м бөгөөд /Starship-50 м, Super Heavy-71 м/ диаметр нь 9 м, даац нь 100-150 тонн ажээ. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16