Японы нийслэл Токио хотын амьтны хүрээлэнд агаарын хэт халалтын улмаас 16 арслангийн гурав нь үхсэн талаар тус хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, долоодугаар сарын 18-нд хоёр арсланд хөдөлгөөн сулрах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Улмаар хэд хоногийн дараа ийм байдалтай арслангийн тоо 10 хүрч, долоодугаар сарын 23-наас эхлэн арсланг зочдод үзүүлэхийг түр зогсоожээ.
Гурван настай эм арслан Мүги долоодугаар сарын 28-нд, 11 настай эм арслан Ичигo гурван өдрийн дараа, 15 настай эм арслан Луена наймдугаар сарын 2-нд тус тус үхсэн байна.
Мэргэжилтнүүдийн урьдчилсан шинжилгээгээр дээрх арслангуудад хүнд хэлбэрийн шингэн алдалт болон олон эрхтний дутагдал илэрсэн бөгөөд халууны стрессээс үүдэн үхсэн байх магадлалтай гэж үзэж байна. Эцсийн шалтгааныг лабораторийн шинжилгээний дараа тогтоох аж.
Одоогоор үлдсэн арслангуудаас гурван арслангийн биеийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд эмчилгээ, шингэн нөхөх эмчилгээ хийж, малын эмч нарын хяналтад байлгаж байна. Харин дөрвөн арслангийн биеийн байдал тогтворжсон ч хяналтад байгаа аж.
Токио хотын амьтны хүрээлэнд одоогоор нийт 13 арслан үлдсэн бөгөөд үүнээс тав нь эр, найм нь эм арслан байна.
Японд долоодугаар сарын дунд үеэс эхлэн үргэлжилж буй хэт халалтын улмаас зарим бүс нутагт агаарын температур 40 хэмээс давсан байна.







Гадаад



