Их Британид бэгл, бульдог, такса, чихуахуа зэрэг 67 төрлийн нохойн үүлдрийг үржүүлэхэд хязгаарлалт тогтоох санал гаргажээ.
Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллага нохойн гадаад төрхийг хэт өөрчлөх зорилготой үржүүлгийн улмаас удамшлын өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор ийм санаачилга гаргасан байна.
Тус байгууллага ялангуяа мопс, франц бульдог зэрэг богино хамартай брахицефал үүлдрийн нохойд анхаарал хандуулжээ. Эдгээр нохойд амьсгалын замын хүндрэл, биеийн ачаалал даах чадвар сулрах зэрэг асуудал түгээмэл тохиолддог байна.
Мөн бусад үүлдрийн нохойд ч эрүүл мэндийн эрсдэл бий. Тухайлбал, кавалер кинг чарльз спаниель үүлдрийн нохойд гавлын ясны хэмжээ болон тархины харьцааны зөрчлөөс үүдэлтэй сирингомиелиа өвчин нь архаг өвдөлт үүсгэдэг. Харин такса нохой нь урт бие, богино хөлтэй байдлаас шалтгаалан нурууны дискний өвчлөлд өртөх эрсдэл өндөр байдаг бөгөөд хүндэрсэн тохиолдолд саажилтад хүргэж болзошгүй аж.
Гэхдээ санал болгож буй арга хэмжээ нь эдгээр үүлдрийг тэжээхийг бүрэн хориглох зорилготой биш юм. Харин нохойн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд үржүүлгийн арга барилыг өөрчлөхөд чиглэж байна.
Одоогоор Их Британид питбультерьер, япон тоса зэрэг таван төрлийн нохойг тэжээхийг хуулиар хориглосон байдаг. Мөн хориглосон үүлдэртэй төстэй төрхтэй нохойг хураах тохиолдол гардаг байна.








Гадаад



