Их Британийн иргэн, 97 настай Бетти Бромэйж нисэж буй онгоцны далавчин дээр алхсан хамгийн өндөр настай эмэгтэй болж, өөрийн эзэмшиж байсан Гиннесийн дээд амжилтыг шинэчилжээ. Тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд ийм төрлийн зургаан нислэгт оролцсон байна.
Челтенхэм хотын оршин суугч Бетти өнгөрсөн наймдугаар сард тархинд цус харвасан ч эдгэрснийхээ дараа дахин эрсдэлтэй хоббидоо эргэн оржээ. Түүний хэлснээр, өвчин хэл ярианд нь нөлөөлсөн ч мөрөөдлөөсөө татгалзахыг хүсээгүй аж.
"Тэгэхгүй бол миний амьдрал уйтгартай болно. Би машин жолоодож чаддаггүй, хараа муу болсон, заримдаа гунигладаг. Тиймээс одоо ч хийж чадах зүйлээ хийхийг хүсэж байна" хэмээн тэр ярьжээ.
Түүний хувьд хамгийн хэцүү нь намхан нуруутай учраас онгоцны далавчин дээр авирах байсан бөгөөд харин нислэг өөрөө зугаа цэнгэлийн төхөөрөмжөөс ч аймшиг багатай санагдсан гэжээ. Бетти 100 насныхаа ойгоор дахин нэг онцгой сорилт хийхээр төлөвлөж байгаа аж.
Тэрээр энэ удаагийн нислэгээ тархинд цус харвасны дараа эмчлүүлсэн Челтенхэмийн эмнэлэгт хандив босгох зорилготой зохион байгуулсан бөгөөд цугларсан хөрөнгийг эмнэлгийн өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм.




Гадаад




