Долдугаар сард дэлхийн хүнсний үнийн индекс өмнөх сараас 0.6, өнгөрсөн оны мөн үеэс 1 хувиар өсөж, 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлжээ.
Үнийн өсөлтөд хэт халалт, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал болон геополитикийн хурцадмал нөхцөл голлон нөлөөлсөн байна. Ялангуяа дэлхийн зах зээлд элсэн чихэр, үр тариа, ургамлын тосны үнэ өссөн бол мах, сүүн бүтээгдэхүүний үнэ буурчээ.
Улаан буудайн үнэ Хар тэнгисийн бүсээс экспорт хийхэд хүндрэл үүссэн болон гол үйлдвэрлэгч орнуудад хэт халалт ажиглагдсантай холбоотойгоор 5.8 хувиар нэмэгдсэн байна. Харин ургамлын тосны үнэ 2022 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, элсэн чихрийн үнэ 5.6 хувиар өсжээ.
Үүний зэрэгцээ махны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа 2.8 хувиар буурсан бол сүүн бүтээгдэхүүний үнэ 0.7 хувиар хямдарсан байна. FAO-ийн мэдээлснээр дэлхийн зах зээл дэх хүнсний үнийн өөрчлөлт нь хэдэн сарын дараа жижиглэн худалдааны үнэд нөлөөлөх хандлагатай байдаг.







Гадаад




