Европын Холбооны Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ хууль энэ оны зургадугаар сарын 12-ноос бүрэн хэрэгжиж эхэлсэн ч хил хамгаалалт, хууль бус шилжилт хөдөлгөөн болон буцаах ажиллагаанд түлхүү анхаарч байгаа нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх хэрэгцээтэй зөрчилдөж байна.
Тус журамд нийт 10 хууль эрх зүйн баримт бичгээс бүрддэг.
ЕХ-ны Хөдөлмөрийн байгууллагын 2025 оны EURES тайланд Европ даяар 2,617 төрлийн ажил мэргэжилд ажиллах хүчний хомсдол бүртгэгдсэн бөгөөд үүний 57 хувь нь дунд болон өндөр түвшний хомсдолтой гэж үнэлжээ. Ялангуяа эмч, сувилагч, асаргааны ажилтан, гагнуурчин, цахилгаанчин зэрэг мэргэжлүүдийн эрэлт өндөр байна.
Гэсэн ч мэргэшлийн дунд түвшний ажиллах хүч, тухайлбал асаргаа, барилга, тээвэр зэрэг салбарт шаардлагатай ажилтнуудыг гуравдагч орноос хууль ёсоор татах сувгууд болон мэргэжлийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоо хангалтгүй хэвээр байна. EURES-ийн мэдээллээр ажиллах хүчний хомсдолтой мэргэжлүүдийн 98 хувь нь дор хаяж нэг улсад хомсдолтой атлаа өөр нэг улсад илүүдэлтэй байгаа нь хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний боломж бүрэн ашиглагдахгүй байгааг харуулж байгааг онцолжээ.
Харин ЕХ-ны шинэ бодлогын гол чиглэл нь гадаад хилийн хяналтыг сайжруулах, орогнол хүсэгчдийг бүртгэх, буцаах ажиллагааг хурдасгах зэрэг асуудалд төвлөрч байна. Сүүлийн үеийн таван зүйлт стратегид ч хил хамгаалалт, хууль бус цагаачлалтай тэмцэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох чиглэл давамгайлжээ. Шинжээчдийн анхааруулж буйгаар Европын хүн амын насжилт, ажиллах хүчний хомсдол улам нэмэгдэх нөхцөлд аюулгүй байдлын арга хэмжээг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах хууль ёсны шилжилт хөдөлгөөний сувгуудтай зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.






Гадаад



