“Apple” компани дэлхийн 150 гаруй орны зарим “iPhone” хэрэглэгчид рүү чиглэсэн тагнуулын программын халдлагын ул мөр илрүүлсэн тул наймдугаар сарын 13-наас сэрэмжлүүлэх мэдэгдэл илгээж эхэлжээ.
Тус компани тодорхой хэрэглэгчдэд чиглэсэн, өндөр түвшний кибер халдлагын шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлсэн байна. Ийм төрлийн халдлага нь ихэвчлэн сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч, улс төрч, дипломат зэрэг тодорхой хүмүүсийг бай болгодог аж.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар арилжааны зориулалттай тагнуулын программ ашигласан ийм халдлага нь маш нарийн төвөгтэй, өндөр өртөгтэй байдаг бөгөөд хэдхэн хоногийн хугацаанд идэвхтэй байх тохиолдол бий. Тиймээс илрүүлэх, таслан зогсоох нь хүндрэлтэй байдаг байна.
“Apple” боломжит бай болсон хэрэглэгчдэд “Lockdown Mode” буюу өндөр түвшний хамгаалалтын горимыг идэвхжүүлэхийг зөвлөжээ. Энэ горим нь зарим вэб скриптийг хязгаарлаж, “iMessage”-ээр ирэх тодорхой төрлийн контентыг хаахаас гадна USB-ээр холбогдсон компьютертэй хийх зарим холболтыг хязгаарладаг байна.







Гадаад




