1964 онд үйлдвэрлэгдсэн Shelby Cobra Daytona купе АНУ-ын Монтеррей хотод болсон дуудлага худалдаагаар 42.9 сая ам.долларт зарагдаж, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулагдсан хамгийн үнэтэй америк автомашин болжээ.
Carscoops-ийн мэдээлснээр, уг машиныг эхэндээ 25 сая ам.доллароор үнэлж байсан байна. Daytona Coupe загварыг Кэрролл Шелби тухайн үед уралдааны ертөнцөд ноёрхож байсан Ferrari-тай өрсөлдөх зорилгоор бүтээжээ.
Уг загвар нь Британийн AC Ace родстер дээр суурилсан бөгөөд Шелби V8 хөдөлгүүр суурилуулж Cobra болгосон байна. Ferrari 250 GTO-той өрсөлдөхийн тулд илүү аэродинамик, битүү кузов шаардлагатай болсон нь Daytona Coupe-г бүтээх үндэс болжээ.
Дуудлага худалдаагаар зарагдсан CSX2300 шасситай автомашин нь уг цувралын хамгийн анхны купе байсан бөгөөд нийтдээ ердөө зургаан ширхэг үйлдвэрлэгдсэн аж.
Машин 1964 онд FIA GT аваргын финалд анх уралдаж, дараа нь “Ле-Маны 24 цаг” уралдаанд оролцон тэргүүлж явсан ч тахир голын гэмтлээс шалтгаалан уралдаанаас гарчээ. Дараагийн жилүүдэд Daytona, Sebring, Nürburgring болон Reims зэрэг нэр хүндтэй уралдаануудад оролцсон байна.
Автомашин олон жилийн турш хэд хэдэн цуглуулагчийн гар дамжин, Японд уралдаанд оролцож, дараа нь Шелбид буцаж ирэн сэргээн засварлагдсан түүхтэй. Харин шинэ эзэмшигчийн нэрийг одоогоор зарлаагүй байна.






Гадаад





