Дэлхий даяар алдартай “Baby Shark” хүүхдийн контентыг бүтээсэн Өмнөд Солонгосын The Pinkfong Company тус бүтээлийн түүхийг өргөжүүлж, Baby Shark-ийн дүү болон шинэ найзуудыг танилцуулахаар болжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ким Мин Сок Yonhap News Agency-д өгсөн ярилцлагадаа ирэх оны эхний хагаст Baby Shark-ийн дүү, найзуудыг олон нийтэд танилцуулж, тэдгээртэй холбоотой шинэ үйл явдлаар түүхийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Сүүлийн арав орчим жилийн хугацаанд Baby Shark-ийн гэр бүлийг аав, ээж, эмээ, өвөө гэсэн бүрэлдэхүүнтэй хадгалж ирсэн. Харин одоо шинэ дүрүүдээр ертөнцийг нь өргөжүүлнэ” хэмээн онцолжээ.
“Baby Shark Dance” видео одоогоор YouTube-д 17 тэрбум орчим үзэлттэй бөгөөд платформын түүхэн дэх хамгийн олон үзэлттэй видео хэвээр байна.
The Pinkfong Company цаашид Baby Shark-ийг зөвхөн дуу, видео хэлбэрээр бус анимейшн, кино, тайзны тоглолт зэрэг олон төрлийн контент болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ оны сүүл эсвэл ирэх оны эхээр хиймэл оюунд суурилсан шинэ контент танилцуулах бөгөөд AI-г зөвхөн бүтээл хийх хэрэгсэл бус, дүрүүд болон хэрэглэгчдийг холбох шинэ интерфэйс болгон ашиглахаар зорьж байгаа аж.







Гадаад




