"Маркетинг, брэнд гэдэг зүйл орчин үеийн капитализмын бүтээгдэхүүн биш гэвэл та итгэх үү? Археологичид одоогоос 3200 жилийн өмнө Хүрлийн үеийн гар урчууд өөрийн гэсэн өвөрмөц лого, тогтвортой чанар бүхий олон улсын 'Брэнд' хөгжүүлж, зах зээлийг эзэгнэж байсныг олж тогтоолоо. Тэр ч байтугай бусад хотууд уг брэндийг дуурайлган хуурамч бүтээгдэхүүн (knockoff) хийдэг байжээ. Эртний Арабын элсэн цөлд цэцэглэж байсан анхны брэндийн нууцыг доорх мэдээллээс уншаарай."
Венийн Их Сургуулиар ахлуулсан олон улсын археологичдын баг хүн төрөлхтний худалдааны түүхийг шинээр харах нээлт хийснээ шинжлэх ухааны PLOS ONE сэтгүүлд нийтлүүлжээ. Тэд Саудын Арабын баруун хойд хэсэгт орших Курайя (Qurayyah) баянбүрдийн эртний тууриас олдсон хоёр өнгөт ваарнуудыг ("Qurayyah Painted Ware" буюу QPW) судалж, эдгээр нь орчин үеийн брэндийн бүхий л шалгуурыг хангаж байгааг баталсан байна.
Тус бүс нутгийг өмнө нь "Мидианы ваар" хэмээн ерөнхийлөн нэрлэдэг байсан ч шинэ судалгаагаар уг бүтээгдэхүүнүүд яг нэг төвлөрсөн цэгт буюу Курайя баянбүрдэд үйлдвэрлэгддэг байсныг тогтоожээ.
Ваарнуудын хийц ба технологийн нууц: Цөлд цэцэглэсэн инновац
Археологичдын олж илрүүлсэн гол зүйл нь байгалийн эрс тэс уур амьсгалтай, шавар, ус, түлшний нөөц хомс цөлийн баянбүрдэд эртний гар урчууд маш нарийн, тогтвортой технологи хөгжүүлж чадсанд оршино.
- Хос өнгөт (Bichrome) урлал: Ваарнуудыг маш өвөрмөц хар болон улаан өнгөөр хослуулан будаж, дээр нь геометрийн нарийн дүрсүүд, загварчилсан амьтад болон хүний зан үйлийн зургуудыг дүрсэлдэг байв.
- Технологийн тогтвортой залгамж чанар: Одоогоос 3600 жилийн өмнө анхны хувилбарууд нь гарч байсан бол 4 зууны турш технологи нь тасралтгүй хувьсан хөгжсөөр 3200 жилийн өмнө буюу "QPW 4" үедээ хамгийн дээд зэргийн стандартчилагдсан хийцтэй болжээ. Энэ нь олон зууны турш чанараа алдаагүй үйлдвэрлэл байсныг баталж байна.
- Хими, геохимийн баталгаа: Судлаачид М.И.Т (Массачусетсийн Технологийн Институт), Харвардын музейн эрдэмтэдтэй хамтран ваарны хэлтэрхийнүүдэд петрографик болон геохимийн нарийн шинжилгээ хийхэд, ваар хийсэн шаврын найрлага, шатаах зуухны хэм нь зөвхөн Курайягийн локал технологид хамаарч байв.
Дэлхийн анхны "Брэнд" ба түүний хуурамч хуулбарууд (Knockoffs)
Уг ваарнууд нь өөрийн гэсэн өвөрмөц төрх, чанараараа алдаршсан тул эртний Араб төдийгүй Ойрхи Дорнод даяар "Нэр хүндийн баталгаа" (Status Symbol) болж, хэдэн зуун километрийн цаана орших Египетийн Хатхор далайн дахин шүтээний сүм, Иорданы Пелла зэрэг томоохон хотууд руу өндөр үнээр экспортлогддог байв.
Харамсалтай нь, уг брэнд маш алдартай байсан тул бусад бүс нутгийн ваарчид Курайягийн өвөрмөц өнгө төрх, хээ угалзыг дуурайлган хуурамч ваарнууд (local imitations) хийж, зах зээлд борлуулах тохиолдол их байсныг Иорданаас олдсон дуураймлууд баталж байна.
Судалгааны багийн ахлагч, Венийн Их Сургуулийн археологич Марта Лучиани хэлэхдээ: "Энэхүү нээлт нь хүн төрөлхтний үйлдвэрлэгч-хэрэглэгчийн харилцаа, эдийн засгийн механизмын түүх орчин үеийн капитализмаас хавьгүй эрт үүссэнийг харуулж байна" хэмээн онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




