Фото зургийг | Kent Nishimura / AFP via Getty Images
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Киев болон Москвад болсон энхийн хэлэлцээний сүүлийн шатны уулзалтын талаарх тайланг өөрийн төлөөлөгчдөөс сонссоныхоо дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихаар төлөвлөж байна гэж АНУ-ын албаны эх сурвалж
The Kyiv Independent агентлагт мэдээлжээ.
Трамп өөрийн тусгай элч нарт томилогдсон Стив Виткофф, Жаред Кушнер нартай зөвлөлдсөнийхөө дараа эхлээд Путин руу залгаж, дараа нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцах аж. Эдгээр утасны яриа өнөөдөр буюу 9 дүгээр сарын 7-ны өдөр буюу өнөөдөр болох магадлалтай байна.
Тусгай элч Виткофф, Кушнер нар 9 дүгээр сарын 5-ны өдөр Москвад Путинтэй уулзаж хэлэлцээ хийсэн бөгөөд үүний дараагийн өдөр буюу 9 дүгээр сарын 6-нд Киевт анх удаа хүрэлцэн ирж, Зеленский болон түүний багийнхантай уулзсан юм. Энэхүү дипломат хүчин чармайлт нь Орос, Украины дайныг эцэс болгох хэлэлцээрийг урагшлуулах зорилготой аж.
Цагаан ордны мэдээлснээр, Москвад болсон уулзалтаар "дараагийн алхмуудын тухай тодорхой төлөвлөгөөнүүд"-ийг хэлэлцсэн боловч талуудын аль нь ч дорвитой ахиц дэвшил гарсан талаар мэдэгдсэнгүй. Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Зеленский сүүлийн үеийн энэхүү энхийн зуучлал нь дайныг ойрын хугацаанд зогсооход хүргэж чадахгүй гэдгийг дурдсан бол Кушнер сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ-ын зүгээс Орос, Украиныг оролцуулсан гурван талт хэлэлцээг дахин эхлүүлэхийг найдаж байна гэжээ.
АНУ Ираны эсрэг дайтаж байгаагаас шалтгаалан сүүлийн саруудад дипломат харилцаа зогсонги байдалд ороод байсан бөгөөд өмнөх хэлэлцээрүүд газар нутаг, аюулгүй байдлын баталгаа, гал зогсоох нөхцөлүүд дээр төвлөрч байсан ч төдийлөн амжилтад хүрээгүй байсан юм.
Трамп өмнө нь ч мөн АНУ-ын элч нар Оросын удирдагчтай уулзсаны дараа Путинтэй шууд утсаар ярьдаг байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сард Мар-а-Лаго хотод Зеленскийтэй биечлэн уулзахын өмнө болон дараа нь Путинтэй холбогдож байсан түүхтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын элч төлөөлөгчид Стив Виткофф, Жаред Кушнер нар 2026 оны 9-р сарын 6-нд Украины Киев хотод Украин болон Европын албаныхантай хийсэн хэлэлцээний үеэр. (Тим Задорожный/The Kyiv Independent)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нарын Киевт хийсэн айлчлал, уулзалтын үр дүн болон Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэвлэлийн хурал дээр өгсөн мэдээллийн дэлгэрэнгүйг доор тоймлон хүргэж байна.
1. Уулзалтын гол үр дүн: Тодорхой тохиролцоонд хүрч чадсангүй
АНУ-ын төлөөлөгчид 9 дүгээр сарын 5-нд Москвад Путинтэй 3 цаг уулзсаныхаа дараа 9 дүгээр сарын 6-нд Киевт ирж Зеленскийтэй уулзсан юм.
- Энхийн гэрээ байгуулагдаагүй: Уулзалтаар дайныг зогсоох тал дээр ямар нэгэн түүхэн ахиц дэвшил, тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд дипломат мухардал хэвээр үлдлээ.
- Гурван талт уулзалтын төлөвлөгөө: АНУ-ын тал цаашид АНУ-Украин-Европ болон АНУ-Украин-Орос гэсэн гурван талт форматын уулзалтуудыг ойрын хугацаанд (9 дүгээр сарын сүүл рүү) дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч тодорхой тов, байршил зарласангүй.
- Уулзалтын уур амьсгал: Элч нарын зүгээс уулзалтыг "бүтээлч, агуулгатай" болсон гэж дүгнэсэн. Харин Зеленский Трампын элч нарт Кремлийн төлөөлөгчдийн үгэн дайралтын хариу болгож "Киевийн дэглэм" (Kyiv Regime) гэсэн бичигтэй подволк бэлэглэсэн байна.
2. Владимир Зеленскийн мэдэгдэл ба ярилцлагын дэлгэрэнгүй
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурал дээр Зеленский дараах гол зүйлсийг онцолжээ:
- "Дайн үргэлжлэх болно" (Бодит прогноз):
Зеленский энэхүү энхийн зуучлал нь дайныг ойрын хугацаанд зогсоож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, "Хэрэв дайн үргэлжилбэл — бид дайн ирэх өвлийн саруудад ч үргэлжилнэ гэж тооцож байна — бид АНУ-ын өвлийн тусламжийн багцад маш их найдаж байна" гэв.
- Өвлийн бэлтгэл ба Агаарын хамгаалалт:
Украины тал ирэх өвлөөр Оросын зүгээс эрчим хүчний дэд бүтэц рүү нь хийх дайралт эрчимжинэ гэж үзэж байгаа тул АНУ-аас "Patriot" агаарын довтолгооноос хамгаалах систем болон шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) дэмжлэг яаралтай авах шаардлагатай байгааг элч нарт уламжилжээ. Тэрээр АНУ ирэх жил пуужингийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр амласан ч яг одоо Украинд ирэх пуужингийн хангамж хангалтгүй, төлөв байдал бүрхэг байгааг нуусангүй.
- Аюулгүй байдлын баталгаа:
Дайны дараах сэргээн босголт болон газар нутгаа алдалгүй үлдэх нь Украины хувьд амин чухал асуудал бөгөөд Оросыг дахин түрэмгийлэл үйлдэхээргүй тийм "нэр төртэй энх тайван" болон олон улсын баталгааг Украин шаардаж байна гэжээ.
- Пуужингийн цохилт үйлдэхийг зогсоосон тухай:
Оросын талаас АНУ-ын элч нарыг байх хугацаанд Киев хот руу пуужингийн цохилт хийхээ түр зогсоосон байна. Зеленский үүн дээр хошигнож: "Трампын төлөөлөгчид Киевт байх нь манай хотын оршин суугчдыг 'Patriot' системээс ч илүү сайн хамгааллаа" гэж хэлжээ. Мөн элч нар онгоцоор ирэх байсан ч Оросын тал Киевийн нисэх буудлуудыг зориуд бөмбөгдсөн тул тэд Польшоос галт тэргээр ирэхээс өөр аргагүйд хүрснийг тодотгосон байна.

3. Америкийн талын байр суурь
- Стив Виткофф: Уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хэлэлцээ урагшилж байгаад урам зоригтой байна гэв. Түүнчлэн түүнд Украины галт тэргээр аялах нь маш их таалагдсан тул дараагийн уулзалтыг ч бас Киевт хийж магадгүй гэдгийг дурджээ.
- Жаред Кушнер: Дональд Трампын хувийн мэндийг Зеленскийд уламжлаад, АНУ-ын зүгээс Украиныг ирээдүйд бүрэн боломжоо нээсэн агуу үндэстэн болон хөгжихөд туслах "урт хугацааны, тогтвортой энх тайван"-ыг цогцлоохыг хүсэж байна гэжээ.
Дараагийн алхам: АНУ-ын элч нар одоо Франц, Их Британи, Германы Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй уулзахаар явсан бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Трампд тайлагнаж, Трамп ойрын хугацаанд Путин болон Зеленский нартай утсаар холбогдохоор төлөвлөж байна.