Apple-ийн анхны эвхэгддэг iPhone Монголын зах зээлд ямар үнээр худалдаалагдах нь одоогоор тодорхой болоогүй байна. Гэхдээ iPhone 17-ийн АНУ дахь анхны үнэ болон Монголд борлуулагдаж буй үнийн зөрүүг ашиглан ойролцоогоор тооцож болох юм.
iPhone 17-ийн 256GB хувилбар АНУ-д анх 799 ам.долларын үнээр худалдаанд гарсан бол Монголын томоохон дэлгүүрүүдэд 3.9–4.25 сая төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Харин iPhone Duo-гийн 256GB хувилбарын АНУ дахь албан ёсны үнэ 1,999 ам.доллар буюу iPhone 17-ийн анхны үнээс 2.5 дахин өндөр байна.
Энэ харьцааг Монголын зах зээлийн үнэд шууд дүйцүүлэн тооцвол iPhone Duo 256GB загвар 9.8–10.6 сая төгрөгийн үнэтэй байх боломжтой.
Багтаамжаас хамаарсан таамаг үнэ:
- iPhone Duo 256GB: 9.8–10.6 сая төгрөг
- iPhone Duo 512GB: 10.7–11.7 сая төгрөг
- iPhone Duo 1TB: 12.7–13.8 сая төгрөг
- iPhone Duo 2TB: 15.6–17 сая төгрөг
Эдгээр нь iPhone 17-ийн Монгол дахь үнийн жишигт тулгуурласан тооцоо бөгөөд албан ёсны борлуулах үнэ биш юм. Валютын ханш, тээвэр, татвар, нийлүүлэлтийн зардал болон борлуулагчийн үнийн бодлогоос шалтгаалан бодит үнэ өөрчлөгдөж болно.
Түүнчлэн Монгол Улс iPhone Duo-г эхний ээлжид худалдаалах 70 гаруй улс, бүс нутгийн жагсаалтад багтаагүй. Иймээс төхөөрөмжийг анх хувь хүмүүс болон захиалгын худалдаагаар оруулж ирэх үед нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт өндөр байж, 256GB загварын үнэ 11–12.5 сая төгрөгт хүрэх магадлалтай. Харин нийлүүлэлт тогтворжиж, албан ёсны борлуулагчдын сувгаар худалдаанд орсны дараа үнэ 10 сая төгрөг орчимд тогтворжих боломжтой.
Apple-ийн АНУ дахь дэлгүүрт iPhone Duo 256GB нь 1,999, 512GB нь 2,199, 1TB нь 2,599, 2TB нь 3,199 ам.долларын албан ёсны үнэтэй байна. Харин iPhone 17-ийн одоогийн үнэ 899 ам.доллар болж шинэчлэгдсэнийг тооцоонд анхаарах хэрэгтэй.










Гадаад




