Apple компани анхны эвхэгддэг ухаалаг утас болох iPhone Duo-г албан ёсоор танилцууллаа. Тус төхөөрөмж нь iPhone-ийн түүхэн дэх хамгийн том дэлгэц, эвхэгддэг шинэ загвар, A20 Pro чип болон iPhone Duo-д зориулан шинэчилсэн iOS 27 үйлдлийн системээр онцлог болж байна.
Дэлгэсэн үедээ iPhone Duo нь Apple-ийн бүтээсэн хамгийн нимгэн iPhone болох бөгөөд контент үзэх, тоглоом тоглох, олон аппликейшн дээр зэрэг ажиллахад зориулсан 7.6 инчийн дотоод дэлгэцтэй. Харин эвхсэн үедээ нэг гараар ашиглахад тохиромжтой 5.4 инчийн гадаад дэлгэцтэй байна.

Хоёр дэлгэц, нэг шинэ загвар
iPhone Duo-гийн гадна болон дотор талд Super Retina XDR дэлгэц ашиглажээ. Дотоод дэлгэц нь iPhone 18 Pro Max-ийнхаас 50 хувиар том бол гадаад дэлгэц нь iPhone 18 Pro-гийн дэлгэцийн талбайн 90 хувийг санал болгоно.
Хоёр дэлгэц ижил харьцаатай тул төхөөрөмжийг нээх, хаах үед контентын хэмжээ, байрлал тасралтгүй шилжих боломжтой. Мөн ProMotion, Always-On Display болон гадаа орчинд 3,000 нит хүртэлх оргил гэрэлтүүлгийг дэмжинэ.

Дотоод дэлгэцийн нано бүтэцтэй бүрхүүл нь гэрлийн ойлт болон эвхэгддэг хэсгийн нугалаасыг бага харагдуулахад чиглэжээ. Дэлгэцийн доор байрлах FaceTime камер ашиглаагүй үед үл үзэгдэх тул контент үзэх талбайг таслахгүй.
Apple энэ оны сүүлээр iPhone Duo-д USB-C холболттой Apple Pencil ашиглах боломж нэмэхээр төлөвлөсөн байна.
Титан их бие, 100 гаруй эд анги бүхий нугас
Төхөөрөмжийн их биеийг тавдугаар зэрэглэлийн титанаар бүтээж, толин өнгөлгөө хийжээ. Нарийвчлалтай нугасны механизм нь 100 гаруй эд ангиас бүрдэх бөгөөд дэлгэцийг дэлгэсэн үед хавтгай, тогтвортой байлгах зориулалттай.
Гадаад дэлгэцийг Ceramic Shield 2 хамгаалах бөгөөд өмнөх үеийн материалаас гурав дахин илүү зураасны хамгаалалттай гэж Apple мэдээлэв. Дотоод дэлгэцийн тусгай полимер давхарга нь салбарын бусад ижил төрлийн материалаас 40 хүртэл хувиар илүү хатуулагтай аж.
iPhone Duo нь IP68 үнэлгээтэй тул ус, тоосны хамгаалалттай.
48 мегапикселийн камерын систем
iPhone Duo нь 48 мегапикселийн Fusion Main болон 48 мегапикселийн Fusion Ultra Wide камертай. Үндсэн камер нь 48MP нягтаршилтай зураг, хуваалцахад тохиромжтой хэмжээ бүхий 24MP үндсэн горим болон оптик чанартай 2x Telephoto боломжийг нэг дор санал болгоно.
Эвхэгддэг загвар болон хоёр дэлгэцэд зориулсан хэд хэдэн шинэ камерын функц нэмэгдсэн байна. Үүнд:
- Smart Take: Хиймэл оюун ухаан дүр зургийг бодит хугацаанд шинжилж, хүмүүс зураг авахад бэлэн болсон мөчийг автоматаар дарна.
- Duo Preview: Зураг авахуулж буй хүн гадаад дэлгэцээс дүрслэл болон кадраа урьдчилан харна.
- Kid Cue: Хүүхдийн анхаарлыг камер руу хандуулахын тулд гадаад дэлгэц дээр Peanuts-ийн хөдөлгөөнт дүрс гаргана.
- Duo FaceTime: Видео дуудлагад хажууд байгаа хүмүүс гадаад дэлгэцээр дамжин оролцох боломжтой.
- Арын камераар селфи хийх: Өндөр нягтаршилтай арын камераар зураг авахдаа гадаад дэлгэцээр кадраа хянах боломжтой.
Үндсэн камер нь Dolby Vision стандартаар секундэд 120 кадрын хурдтай 4K видео бичихийг дэмжинэ. Мөн төхөөрөмжийг хагас дэлгэсэн байрлалд тогтоон, tripod ашиглахгүйгээр видео болон time-lapse бичлэг хийх боломжтой.







iPhone Duo-д зориулан шинэчилсэн iOS 27
iOS 27 үйлдлийн системийг iPhone Duo-гийн эвхэгддэг бүтэц болон хоёр дэлгэцэд нийцүүлэн шинэчилжээ. Төхөөрөмжийг нээх, хаах, эргүүлэх үед контент ашиглаж буй дэлгэцэд автоматаар шилжинэ.
Split View функцийн тусламжтайгаар iPhone дээр анх удаа хоёр аппликейшнийг зэрэгцүүлэн ажиллуулах боломжтой. Хэрэглэгч Safari зэрэг нэг аппликейшний хоёр цонхыг зэрэг нээх, аппликейшний хослолыг хадгалах, дэлгэцийн нэг талд контент үзэх зуураа нөгөө талд Siri AI-тай харилцах боломжтой.
Netflix, Zoom болон Slack зэрэг гуравдагч талын аппликейшнүүд iPhone Duo-гийн том дэлгэц, эвхэгддэг хэлбэрт тохирсон хувилбаруудаа хэдийн хөгжүүлжээ.
Apple Intelligence болон шинэ Siri AI
iPhone Duo нь iOS 27-той хамт бета хувилбараар нэвтрэх шинэ Siri AI-г дэмжинэ. Siri AI нь хэрэглэгчийн зурвас, цахим шуудан, зураг болон дэлгэц дээрх контекстийг ойлгон, холбогдох мэдээллийг олох, асуултад хариулах, шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
Apple Intelligence нь төхөөрөмж дээрх боловсруулалт болон Private Cloud Compute системийг хослуулан хэрэглэгчийн нууцлалыг хамгаална. Мөн Spatial Reframing, Extend, сайжруулсан Clean Up зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан зураг засварлах хэрэгслүүдтэй.
A20 Pro чип ба хос батарей
Хоёр нанометрийн технологиор үйлдвэрлэсэн A20 Pro чип нь iPhone 17 Pro-оос удаан хугацааны ачаалалтай ажиллах үед 35 хүртэл хувиар илүү гүйцэтгэл үзүүлнэ гэж Apple мэдээлжээ.
Зургаан цөмт CPU нь A19 Pro-оос 20 хүртэл хувиар хурдан, долоон цөмт GPU нь 40 хүртэл хувиар илүү хурдан бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй. Харин хос 16 цөмт Neural Engine нь төхөөрөмж дээр AI загвар ажиллуулах тооцоолох хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ.
Төхөөрөмжийн хоёр талд тус бүр нэг батарей байрлуулсан бөгөөд систем тэдгээрийг нэг батарей мэт удирдана. iPhone Duo:
- Дотоод дэлгэцээр 31 цаг хүртэл видео тоглуулах
- Гадаад дэлгэцээр 44 цаг хүртэл видео тоглуулах
- Хоёр дэлгэцийг ижил хэмжээнд ашиглахад 24 цаг хүртэл ажиллах боломжтой
Утастай цэнэглэгчээр 20 орчим минутад, MagSafe эсвэл Qi2 цэнэглэгчээр 30 орчим минутад батарейг 50 хувь хүртэл цэнэглэнэ.
iPhone Duo нь дэлхий даяар зөвхөн eSIM ашиглах бөгөөд Wi-Fi 7, Bluetooth 6 болон Thread холболтыг дэмжинэ.
Үнэ болон худалдаанд гарах хугацаа
iPhone Duo нь Star White болон Night Sky гэсэн хоёр өнгөтэй. 256GB, 512GB, 1TB болон 2TB багтаамжийн сонголттой бөгөөд АНУ дахь үнэ 1,999 ам.доллароос эхэлнэ.
Эхний ээлжийн 70 гаруй улс, бүс нутагт аравдугаар сарын 16-наас урьдчилсан захиалга авч, аравдугаар сарын 23-наас худалдаалж эхэлнэ. Apple-ийн зарласан эхний ээлжийн зах зээлийн жагсаалтад Монгол Улс багтаагүй байна.
iPhone Duo нь iOS 27.1 үйлдлийн системтэй худалдаанд гарна.






Гадаад




