АНУ-ын Калифорни мужид геологич санамсаргүйгээр Мөстлөгийн үед амьдарч байсан Номхон далайн мастодонтын аварга шүдийг олжээ.
Геоморфологич Брижид Линч голын ёроолд ажиллаж байхдаа уг олдворыг анзаарсан байна. Тэрбээр эхэндээ үүнийг ер бусын хэлбэртэй чулуу гэж бодсон ч дараа нь мэргэжилтнүүд шалгахад нас бие гүйцсэн Номхон далайн мастодонтын маш сайн хадгалагдсан дээд араа шүд болохыг тогтоожээ.
Судлаачдын тооцоогоор тухайн амьтан үхэх үедээ ойролцоогоор 40 настай байсан аж. Харин чулуужсан шүдний нарийн насыг одоогоор тогтоогоогүй байна.
Олдворыг Стэнфордын их сургуулийн Doerr School of Sustainability-д шилжүүлсэн бөгөөд эрдэмтэд радиокарбоны аргаар нас тогтоох, тухайн амьтны хооллолт, тухайн үеийн уур амьсгалыг судлах, мөн 3D скан хийж сургалтын зориулалттай хуулбар бүтээхээр төлөвлөжээ.
Номхон далайн мастодонтыг 2019 онд бие даасан зүйл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ амьтан Плейстоцены үед Хойд Америкийн баруун хэсгээр нутаглаж байгаад ойролцоогоор 11 мянган жилийн өмнө устаж үгүй болсон байна.








Гадаад




