Dark Light
Гадаад | 2026-09-14

УЗБЕКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАГШ НАР ХҮҮХДЭД ГАР ХҮРЭХИЙГ ХОРИГЛОСОН ХУУЛЬД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев есдүгээр сарын 11-ний өдөр хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн сурган хүмүүжүүлэгчдэд захиргааны тусгайлсан хариуцлага хүлээлгэх хуульд гарын үсэг зурлаа гэж тус улсын Хууль зүйн яам мэдээлэв.
 
Шинэ хуулиар насанд хүрээгүй хүүхдийн хүмүүжил, сургалтыг хариуцсан боловсролын байгууллагын ажилтан хүүхдэд бие махбодын хүчирхийлэл үзүүлсэн, доромжилсон, нэр төрийг нь гутаасан эсвэл дээрэлхсэн бол 440 мянгаас 2.2 сая сумын (оролцоохоор 34-170 ам.доллар) торгууль ногдуулахаар заажээ. Энэхүү торгуулийг багшийн үйлдэл нь илүү хүнд хэлбэрийн эрүүгийн гэмт хэрэг болоогүй тохиолдолд буюу хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй үед хэрэглэх бөгөөд хэрэв зодсон, тарчилгасан эсвэл заналхийлсэн бол хэргийг илүү хүнд ял шийтгэлтэй зүйл ангиар авч үзэх аж.
 
Мөн хуульд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож, захиргааны хариуцлага хүлээсэн багш нарыг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа эрхлэхийг нь нэг жилийн хугацаатайгаар хориглохоор заажээ. Энэхүү хязгаарлалт нь цэцэрлэг, сургууль, дунд мэргэжлийн болон мэргэжлийн боловсролын байгууллага, түүнчлэн хүүхдийн нэмэлт боловсролын бүх төвүүдэд хамаарах юм байна.
 
Энэхүү баримт бичиг нь Нийгмийн хамгааллын үндэсний агентлагаас боловсруулсан зургаан хууль болон арван гурван тогтоолд оруулах өргөн хүрээний нэмэлт өөрчлөлтийн нэг хэсэг болжээ. Багшийн гаргасан үйлдлийг үнэлэхдээ Хүүхдийг хүчирхийллийн бүх хэлбэрээс хамгаалах тухай хуулийг үндэслэх бөгөөд уг хуульд сэтгэл зүйн хүчирхийллийг доромжлох, гүтгэх, заналхийлэх, нэр төрийг нь гутаах, даажигнаж дээрэлхэх зэргээр тодорхойлсон байна.
 
 
Узбекистаны сургуулиудад багш нар сурагчдад гар хүрэх асуудал өнгөрсөн тавдугаар сард цахим орчинд Ташкентын нэгэн сургуулийн мэдээлэл зүйн багш есдүгээр ангийн сурагчийг зодож буй бичлэг тархсанаар олны анхаарлыг татаж, ийнхүү хуулийн хариуцлагыг чангатгахад хүргэжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19