БНХАУ, ОХУ, АНУ-ын араас Бүгд Найрамдах Солонгос Улс Төв Азийн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхээр өрсөлдөж байна.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо БНСУ болон Төв Азийн орнуудын Төрийн тэргүүн нарын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болж, талууд "Сөүлийн тунхаглал"-ыг батлахаар зорьж байгаа юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нар оролцож байгаа бөгөөд үйл явдал нь Сөүл хот тус бүс нутагтай 20 орчим жил хамтран ажилласны үр дүн юм. Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед Өмнөд Солонгос улс өөрийн дэвшилтэт технологи, хайгуулын туршлагаа Төв Азийн нэн чухал ашигт малтмал, эрчим хүчний нөөцтэй холбох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын хүрээнд Төв Азийн орнуудын удирдагчид эдийн засгийн бодит санаачилгуудыг дэвшүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарт хамтрах замын зураг гаргах асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбах, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Корейн технологи болон хөрөнгө оруулалтыг бүс нутгийн газар зүйн давуу талтай нэгтгэсэн "Шинэ Торгоны зам" байгуулах санал гаргасан бол Туркменистан улс 16 жил хэлэлцсэн Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Талуудын хамтын ажиллагаа цаашид газрын ховор элемент, хамтарсан үйлдвэрлэл, цахим шилжилт, хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт болон тээвэр логистикийн "Дундад коридор" чиглэлд түлхүү өрнөх юм. Түүнчлэн Төв Азийн бүс нутагт амьдардаг 310 гаруй мянган солонгос гаралтай иргэд болон залуусын дундах солонгос соёлын давалгаа нь хоёр талын харилцааг институцийн түвшинд бэхжүүлэхэд нийгмийн гол тулгуур болж байна.
Төв Азийн орнууд гадаад бодлогодоо "Төв Ази + 1" форматыг идэвхтэй ашигладаг бөгөөд Өмнөд Солонгосоос гадна Япон, ЕХ, Энэтхэг, АНУ, ОХУ, Хятад, Итали, Герман зэрэг улсуудтай ижил түвшний түншлэлийн механизмыг хэдийн үүсгээд байгаа юм. Сөүл хотноо болж буй энэхүү уулзалт нь бусад гүрнүүдтэй шууд өрсөлдөхөөс илүүтэй технологи, хөрөнгө оруулалт болон чухал түүхий эдийн салбарт Өмнөд Солонгосын өөрийн гэсэн бие даасан орон зайг бий болгох зорилготой гэж шинжээчид үзэж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




