АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Иран дахь цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ эргүүлэн татах Дайны эрх мэдлийн тогтоолыг баталсан нь Вашингтоны гадаад бодлогод томоохон ан цав үүссэнийг илтгэлээ.
Санал хураалт 220:204 харьцаагаар шийдэгдэхэд Ардчилсан намын гишүүд дээр Бүгд найрамдах намын долоон хууль тогтоогч нэгдсэн нь энэ үйл явдлыг зүгээр нэг намуудын сөргөлдөөн биш, харин системийн хэмжээний эсэргүүцэл гэдгийг харуулж байна. Томас Масси, Нэнси Мэйс нарын Бүгд найрамдахчууд өөрийн намын Ерөнхийлөгч Дональд Трампын Ойрхи Дорнод дахь цэргийн стратегиас ил тод татгалзсан нь Цагаар ордонд ирж буй маш том дохио юм.
Энэхүү алхам нь Конгрессоос Трампын Иран дахь бодлогод саад хийх гэсэн гурав дахь удаагийн оролдлого бөгөөд Бээжин, Шинэ Дели дэх дэлхийн геополитикийн хөдөлгөөнтэй зэрэгцэн гарч буйгаараа онцлогтой.
Хэдийгээр Ерөнхийлөгч Трамп уг тогтоолд хориг тавих магадлал өндөр байгаа ч, энэхүү шийдвэр нь гүйцэтгэх засаглалын хязгааргүй дайн хийх эрх мэдэлд хууль тогтоогчид хяналт тавьж чадна гэдгийг харуулсан түүхэн жишиг болон үлдэж байна. АНУ-ын дотоод улс төрийн энэхүү хуваагдал нь цаашид Ойрхи Дорнод дахь холбоотнууд болон Ираны эсрэг барих Вашингтоны байр суурийг сулруулж болзошгүй юм.
Иран дахь дайныг зогсоох тогтоолд санал өгсөн Бүгд найрамдах намын (GOP) долоон гишүүний алхам нь цэвэр хувь хүний үзэл бодол гэхээсээ илүү тэдний төлөөлж буй тойргийн сонгогчдын уур амьсгал, ирж буй конгрессын завсрын сонгуулийн стратегитай шууд холбоотой юм.
Долоон гишүүнийг сонгогчдынх нь бүтцээр ангилж үзвэл АНУ-ын дотоод улс төрийн дараах дүр зураг харагдана:
Сонгуулийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тойргууд (Савлагаатай мужууд)
Мэрианнетт Миллер-Микс (Айова), Зак Нанн (Айова), Том Барретт (Мичиган) нарын хувьд сонгогчдынх нь уур амьсгал маш эмзэг, Ардчилсан болон Бүгд найрамдахчуудын харьцаа бараг тэнцүү байдаг тойргууд юм. Дайн сунжирч, бензин болон өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа нь эдгээр тойргийн дундаж давхаргынхны бухимдлыг туйлд нь хүргэсэн. Тэд Трампыг сохроор дагахаас илүүтэй, дайныг эсэргүүцэгч бие даасан сонгогчдын саналыг алдахгүй тулд ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн байна.
Уламжлалт "Дайныг эсэргүүцэгч" либертари үзэлтнүүд
Томас Масси (Кентукки) болон Уоррен Дэвидсон (Огайо) нарын тойрог бол улаан буюу Бүгд найрамдах намын тууштай дэмжигчид давамгайлсан бүс нутаг. Гэвч тэдний сонгогчид АНУ-ыг гадаад улсын хэрэгт хутгалдах, үргүй зардал гаргахын эсрэг зогсдог уламжлалт консерватив-либертари чиг баримжаатай. Тэд Трампын бусад бодлогыг дэмждэг ч, Иран дахь цэргийн ажиллагааг "эцэс төгсгөлгүй, зорилгогүй дайн" гэж үзэж байгаа тул гишүүддээ дайны эсрэг санал өгөх бүрэн мандат олгосон хэрэг юм.
Алтан дунджийг баримтлагч ба тэтгэвэрт гарч буй улс төрчид
Брайан Фитцпатрик (Пенсильвани) нь намуудын зөвшилцлийг эрхэмлэдэг, нам дундаж үзэлтэй сонгогчид ихтэй тойргийг төлөөлдөг тул түүний санал гайхах зүйл биш байв. Харин Өмнөд Каролинагийн Нэнси Мэйсийн хувьд энэ хугацааны дараа конгрессоос явахаар шийдсэн тул намын дарамт болон Трампын шүүмжлэлээс айх зүйлгүй, сонгогчдынхоо дайныг жигших бодит уур амьсгалыг шууд илэрхийлэх боломж олдсон байна.
Эцэст нь дүгнэхэд, Трампын өөрийнх нь амлаж байсан "гадаад дайнд оролцохгүй байх" зарчим зөрчигдөж, эдийн засагт хүндрэл учруулж эхэлсэн тул эдгээр долоон тойргийн иргэд Вашингтонд хандан "өөрсдийнхөө асуудалд анхаарлаа хандуул" гэсэн шаардлагыг төлөөлөгчдөөрөө дамжуулан хүргэлээ.
ТАТАР МАЙДАР





Гадаад




