Dark Light
Нийгэм | 2026-09-17

МУИС НЕВАДАГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

МУИС нь олон улсын түншлэл, эрдэм шинжилгээний хүрээгээ тэлэх зорилгоор АНУ-ын Невада мужийн R1 зэрэглэлийн судалгааны сургууль болох Рено дахь Невадагийн Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг, оюутан, судлаач солилцооны гэрээ байгууллаа. Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн Ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Рено дахь Невадагийн Их Сургуулийн 17 дахь захирал, Невада мужийн Амбан захирагч асан Брайан Сандовал нар оролцов.

Энэхүү түншлэл нь хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, судлаач, оюутан солилцох, эрдэм шинжилгээний хурал, богино хугацааны академик хөтөлбөр зохион байгуулах өргөн боломжийг бүрдүүлж байна. 1874 онд байгуулагдсан, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, инженерчлэл, геологи болон эрүүл мэндийн судалгаагаараа дэлхийд тэргүүлдэг тус сургуультай хамтран ажиллах болсноор хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэ гарц нээгдэж байна.

Гарын үсэг зурсан санамж бичиг нь хоёр их сургуулийн хамтын ажиллагааны ерөнхий хүрээг тодорхойлж, дараах чиглэлүүдэд хамтран ажиллах үндэс суурийг бүрдүүлж байна. Үүнд:

  • хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх;

  • багш, судлаач, захиргааны ажилтан, оюутны солилцоог хөгжүүлэх;

  • олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт, симпозиум хамтран зохион байгуулах;

  • зуны болон өвлийн сургууль, богино хугацааны академик хөтөлбөр хэрэгжүүлэх;

  • бүрэлдэхүүн сургууль, тэнхим, хүрээлэн, төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

  • эрдэм шинжилгээний мэдээлэл, сургалтын материал, хэвлэл нийтлэл солилцох зэрэг болно.

Мөн талууд оюутан, судлаач солилцооны гэрээ байгуулснаар бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд болон судлаачид харилцан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж, сургалт, судалгааны хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх боломж нээгдлээ.

Рено дахь Невадагийн Их Сургууль (University of Nevada, Reno)-ийн тухай

АНУ-ын Невада мужийн тэргүүлэх улсын судалгааны их сургууль бөгөөд тус мужийн анхны дээд боловсролын байгууллага юм. Тус их сургууль нь 1874 онд байгуулагдсан бөгөөд Невада мужийн land-grant university буюу боловсрол, судалгаа, олон нийтэд үйлчлэх чиг үүрэг бүхий улсын их сургуулийн статустай үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1874 онд Элько хотод долоон оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 1885 онд Рено хот руу шилжин суурьшжээ. Өнөөдөр UNR нь 150 гаруй жилийн түүхтэй, 21 мянга гаруй оюутантай томоохон судалгааны их сургууль болон өргөжжээ.

UNR-ийн үндсэн кампус нь Рено хотын төвийн ойролцоох 290 акр талбайд байрладаг бөгөөд Сьерра-Невадагийн уулс, Их сав газрын байгалийн бүстэй ойр оршдог нь байгаль орчин, усны нөөц, уур амьсгал, экологийн судалгаа хийхэд онцгой давуу тал болдог. Түүнчлэн их сургууль нь Тахо нуурын ойролцоо Wayne L. Prim Campus at Lake Tahoe–г ажиллуулдаг бөгөөд тус кампуст судлаач, багш, оюутнууд байгаль орчин, уур амьсгал болон салбар дундын судалгааны чиглэлээр хамтран ажилладаг.

Сургалт, судалгааны хувьд Рено дахь Невадагийн Их Сургууль нь өргөн хүрээтэй бөгөөд 13 коллеж, сургууль, 560 гаруй академик хөтөлбөр, 60 гаруй судалгааны төв, лабораторитой. Инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, бизнес, анагаах ухаан, хөдөө аж ахуй, биотехнологи, байгалийн нөөц, нийгэм-хүмүүнлэгийн ухаан зэрэг олон чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулдаг.

Тус их сургуулийн хамгийн чухал онцлогийн нэг нь судалгааны өндөр чадавх юм. UNR нь Carnegie Classification-ийн R1 буюу “Very High Research Activity” ангилалд багтдаг бөгөөд энэхүү статусаа 2019 онд анх авч, 2021 болон 2025 оны ангиллаар дахин хадгалсан байна. 2025 онд R1 ангиллаа хадгалсан нь их сургуулийн докторын сургалт болон өндөр түвшний судалгааны үйл ажиллагааны тогтвортой байдлыг харуулж байна.

UNR-ийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдэд усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, хуурай бүсийн хөдөө аж ахуй, роботик, инженерчлэл, уул уурхай, геологи, эрүүл мэнд, биотехнологи, мэдээллийн технологи зэрэг салбар багтдаг. Их сургууль нь Невада мужийн газарзүйн болон эдийн засгийн онцлогтой уялдуулан судалгаагаа хөгжүүлж ирсэн бөгөөд судалгааны үр дүнгээ үйлдвэрлэл, төрийн байгууллага, орон нутаг болон олон нийтэд хүргэхийг чухалчилдаг ажээ.

Хөдөө аж ахуй, байгалийн нөөц, экологи, зэрлэг амьтан болон усны экосистемийн судалгаа нь UNR-ийн уламжлалт хүчтэй чиглэлүүдийн нэг юм.

Тус сургуулийн land-grant уламжлал нь анхнаасаа хөдөө аж ахуй, уул уурхай, инженерчлэл зэрэг практик хэрэглээ бүхий салбаруудыг хөгжүүлэхэд чиглэж ирсэн бөгөөд өнөөдөр энэ уламжлал нь орчин үеийн байгаль орчин, тогтвортой хөгжил, инновацын талбаруудад улам бүр өргөжин хөгжиж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19