Dark Light
Гадаад | 2026-09-18

ХААН III ЧАРЛЬЗ AI-ИЙН УДИРДЛАГУУДАД ХАТУУ САНУУЛГА ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Шотландад болсон дээд хэмжээний уулзалтаар Nvidia, OpenAI болон Anthropic-ийн удирдлагууд хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар хэлэлцэв.

Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хаан III Чарльз хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэгч олон улсын технологийн компаниудын удирдлагуудад хандан, энэхүү хүчирхэг технологи "буруу гарт" орвол хүн төрөлхтөнд оршин тогтнохуйн асар том аюул заналхийлнэ гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Шотландын Айршир дахь Дамфрис ордонд Хаан III Чарльзын санаачилгаар зохион байгуулагдсан тус дээд хэмжээний уулзалтад Их Британийн Хиймэл оюун ухааны сайд Канишка Нараян, Ромын Папын зөвлөх болон дэлхийн технологийн аваргууд болох Nvidia, OpenAI, Anthropic зэрэг компаниудын төлөөлөгчид хуран цугларчээ.

Хаан III Чарльз юу хэлэв?

Тэрээр хэлсэн үгэндээ технологи хөгжүүлэгчид өөрсдөө хүртэл хиймэл оюун ухааны хяналтгүй өсөлтөөс эмээж байгааг онцолсон байна.

"Энэхүү технологийг бүтээгчид өөрсдөө өнөөдөр хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний амь насыг авч одох хэмжээний хар бараан чадамж руу хөгжих эрсдэлтэйг улам бүр анхааруулах боллоо. Иймд энэ техник буруу гарт орж, дэлхий дахинд сүйрэл дагуулахаас өмнө эрсдэлийг яаралтай тооцоолох шаардлагатай байна. Та бүхний даалгавар бол зөвхөн технологийг урагшлуулах биш, харин түүнийг хүн төрөлхтөн, нийгэм болон байгаль дэлхийн сайн сайхны төлөө үйлчлэх хязгаар дотор барьж үлдэх явдал юм" хэмээн Хаан III Чарльз өгүүлжээ.

Технологийн акулуудын байр суурь:

  • Жэнсэн Хуанг (Nvidia-ийн гүйцэтгэх захирал): AI-ийн хөгжилд аюулгүй байдал хамгийн нэгдүгээрт байх ёстойг тэмдэглэв. Хэрэв тухайн бүтээгдэхүүн бүрэн аюулгүй биш гэж үзвэл компаниуд түүнийг зах зээлд гаргалгүй, үргжлүүлэн сайжруулахад бэлэн байх ёстой гэлээ. Мөн дэлхийн улс орнуудыг технологиос хоцроохгүйн тулд нээлттэй эх сурвалж бүхий загваруудыг дэмжих хэрэгтэйг дурдсан байна.

  • Сэр Демис Хассабис (Google DeepMind-ийг хамтран үүсгэн байгуулагч): Хүнтэй ижил түвшинд сэтгэх "Ерөнхий хиймэл оюун ухаан" (AGI) бий болоход ердөө цөөхөн жил үлдсэн байж магадгүйг анхааруулав. Түүний үзэж буйгаар энэхүү технологийн нийгэмд үзүүлэх нөлөө нь Аж үйлдвэрийн хувьсгалаас даруй 10 дахин хүчтэй байх гэнэ.

Уулзалтын гол зорилго нь цаашид хиймэл оюун ухааныг зөв гольдролоор хөгжүүлэх дэлхий нийтийн "нийтлэг зарчим, дүрмүүд"-ийг боловсруулахад чиглэгдэж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19